Их, дээд сургуулиудын төгсөлтийн баярын арга хэмжээ үргэлжилж байна. Төгсөлтийн баяраар гарах зардлын хувьд оюутан бүр дунджаар нэг сая гаруй төгрөг зарцуулдаг.
Тэгвэл зарим оюутнууд энэ зардлынхаа бага хэсгийг сайн үйлсэд зарцуулдаг болжээ.
Өнгөрсөн жилээс МУИС-Хууль Зүйн Сургуулийн төгсөгч 120 оюутан төгсөлтийн баярын үргүй зардлыг хэмнэн ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасагт 9.3 сая төгрөгийн үнэ бүхий өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх “зүрхний дефибириллятор” төхөөрөмж хандивлаж төгсөлтийн баярын тогтсон хандлагыг эвдэх жишиг тогтоосон билээ.
Энэ жилийн МУИС-ын Хууль зүйн сургуулийн төгсөгч 130 оюутан тус санаачлагыг уламжлал болгон “хүүхэд төсөл” хэрэгжүүлэхээр шийдэж ажлын хэсэг томилон төсөл боловсруулсан байна.
Тэд эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв(ЭХЭМҮТ)-ийн Хүүхдийн эмнэлэгийн Сэргээн Засах Эмчилгээний Тасагт жил бүр 3,998 хүүхдэд эмчилгээ хийдэг, нэн хэрэгцээтэй, ханиад, хатгаа, саажилт болон идээт өвчин, өрөвслүүдийн үед хэрэглэгддэг шарлагын аппарат болох УВЧ30 2 ширхэг, УВЧ80 нэг ширхэгийг тус тус хандивлахаар шийдсэн байна.
Гуравдугаар сард эхэлсэн төсөл 2015 оны зургаадугаар сарын 19-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нийт 7.2 сая төгрөг цуглуулах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!