Энэ өдөр аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяр. ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд цэргийн парад болно. Оросууд ялалтын парадад 16 мянган цэргийн албан хаагчаа оролцуулж, олон зуун тооны зэр зэвсэг, цэргийн техникээ дэлхий нийтэд үзүүлэхээр бэлтгэж байна. ОХУ-ын зэвсэгт хүчин цоо шинэ Т-14 “Армата” танк болон “Коалиция-СВ” нэртэй пуужингийн цогцолбороо олон нийтэд танилцуулна.
Ялалтын баярын өмнө Оросууд барууны ижил төстэй танкуудтай өрсөлдөх, түүгээр ч барахгүй тэднээс илүү гарсан цэргийн техникээ танилцуулав. “ЗХУ задарч унасны дараа Орос батлан хамгаалахын зах зээлд удаан үргэлжилсэн дэлхийн шилдэг танкийг гарган авах зэвсэглэлийн өрсөлдөөнд том цэг тавилаа” хэмээн Британийн “Телеграф” сонинд бичжээ. Цэргийн шинжээчдийн дүгнэлтээр, танкийн багийнхны хуягласан капсул, алсын удирдлагатай цамхаг бүхий “Армата” танк нь Америкийн “Абрамс”, Британийн “Челленжер”, Германы “Леопард” танкуудыг ардаа хол орхижээ.
Ялалтын баярт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлерь Ангела Меркель, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайып Эрдоган, Беларусын төрийн тэргүүн Александр Лукашенко гээд олон томчуул оролцохгүй юм байна.
Францыг төлөөлөн Москвад ирэх Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Ялалтын 70 жилийн арга хэмжээнд оролцох боловч цэргийн парад дээр байхгүй байх гэнэ.
Тэрээр “Би цэргийн парад дээр очихгүй. Харин цэцэг өргөх ёслолд оролцоод дараа нь Кремльд очно” гэжээ. “Түүхэн үйл явдлыг үл тоож болно. Франц Украины хэрэг явдлыг зохицуулахад чухал үүрэгтэй байхыг эрмэлзэж байгаа учраас баярын арга хэмжээнд оролцох нь Оростой харилцаагаа сайжруулахад тустай” хэмээн сайд тэмдэглэв. Ерөнхийлөгч Франсуа Олланд Кубад айлчлахаар төлөвлөсөн учраас Москвад ирж чадахгүй гэж ярьжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!