Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран хотын төвийн гол гудамжуудыг тохижуулах ажлын зураг төсөл боловсруулах, тохижилтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгууллаа.
Энэхүү ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, “Улаанбаатар хотын музей” НӨҮГ, Монголын дүрслэх урлагийн холбоодын холбогдох дарга, мэргэжилтнүүд оролцов.
Ингэснээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх давуу талтай.
Мөн олон улсын байгууллага, үндэсний томоохон компаниудын дэмжлэгтэйгээр Нийслэлийн иргэдээ орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, гудамж талбайн төлөвлөлт, тохижилтыг дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүргэхийг зорьж байгаа юм.