Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Холестеролын тухай мэдэх ёстой ТАВАН ОЙЛГОЛТ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтдийн саяхны судалгаа хоол хүнсэн дэхь холестерол, цусан дахь холестерол хоёрын хооронд бодитой хамаарал байхгүйг харуулсан.

Харин хүмүүсийн дунд холестерол хэмээх бодисын тухай нэгдсэн ойлголт байдаггүй тул дараах шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг хүргэж байна.

 

Холестерол зөвхөн амьтны гаралтай хүнсэнд байдаг

 

Хоёр төрлийн холестерол бий: хоол хүнсэн дэхь холестерол, цусан дахь холестерол. Хоол хүнсэнд амьтны гаралтай материал орсон бол холестерол байна. Амьтны бие энэхүү өөх тос хэлбэрийн бодисыг байгалаасаа ялгаруулж байдаг. Тиймээс та амьтны гаралтай хүнс, өндөг, сүү, мах, далайн амьтан идвэл амьтны ялгаруулсан холестеролыг биедээ авч байна гэсэн үг. Харин ургамлын гаралтай хүнсэнд огт байдаггүй.

 

Холестерол эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй

 

Та хэчнээн амьтны гаралтай хүнс хэрэглэдэггүй байсан ч таны биед холестерол байсаар байна. Таны элэг түүнийг үйлдвэрлэж байдаг ба энэ нь хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, даавар, D  витамин, хоол боловсруулахад хэрэгтэй бодис зэргийг ялгаруулахад чухал үүрэгтэй.

Гэхдээ холестерол чухал гээд хоол хүнс, витамин зэргээс нэмж авах шаардлагагүй. Учир нь таны бие бүх хэрэгцээт холестеролыг үйлдвэрлэж чадна.

 

Таны цусанд “сайн” ба “муу” хоёр төрлийн холестерол бий

 

Цусан дахь холестеролыг HDL (сайн), LDL (муу) гэж хоёр ангилдаг. Үнэндээ HDL, LDL нь липопротейн гэгддэг холестеролыг тээгч нар юм. HDL нь холестеролыг артерээс нүүлгэн элгэнд хүргэдэг тул сайнд тооцогдоно. Өөрөөр хэлбэл цуснаас цэвэрлэж байна гэсэн үг. Харин LDL нь үүний эсрэг ажилладаг. Ингэснээр артерын судсанд бөөгнөрөл үүсгэн нарийсгаж зүрхний шигдээс, цус харвалтанд хүргэх эрсдэлтэй.

 

Хоолны холестерол цусны холестеролд нөлөөлдөггүйг тогтоосон

 

Уламжлалт ойлголтоор хүнснээс авч байгаа холестерол нь цусан дахь холестеролыг нэмэгдүүлдэг гэж үзэж байв. Иймээс хүнсний холестеролыг  аюултайд тооцож байлаа. Зарим статистикт цусанд холестерол нэг хувь нэмэгдэхэд зүрх, судасны өвчний эрсдлийг хоёр хувь нэмэгдүүлдэг гэж тодорхойлсон байдаг.

Олон жилийн туршид Америкийн Хүнсний Зөвлөмжинд хоол хүнснээс авах холестерол өдөрт 300 миллиграммаас ихгүй байхыг зөвлөж байлаа. Гэтэл өндөгний шар 185 мг, нэг цайны халбага тос нь 30 мг холестерол агуулдаг юм.

Харин шинэ судалгаагаар энэ ойлголтыг үндсээр нь өөрчилж холестерол бол хэтрүүлэн хэрэглэхийг хориглох хүнсний бодис биш гэсэн зөвлөмж гаргахад хүрээд байна.

 

Гэхдээ хэтрүүлж болохгүй

 

Өнөөдөр энэ шинэ зөвлөмжийг бүх хэвлэл мэдээллээр сурталчилж байгаа ч холестеролтой хүнсийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь зөв.

Ханасан өөх тос болон цусны холестеролын хоорондох хамаарал тодорхой болоогүй байгааг санах хэрэгтэй.

 

Дүгнэлт:

Хоол хүнсний зөвлөмжинд зааснаар чихэр, үйлдвэрийн боловсруулсан хүнс зэргийг бага хэрэглэх нь зайлшгүй дагах дүрэм. Мөн ургамлын гаралтай хүнс аль болох түлхүү хэрэглэх нь чухал хэвээр. Харин холестерол бүхий хүнс хэрэглэх бол түүнтэйгээ ижил хэмжээний ногоон хүнс, жимс зэргийг хослуулах нь хамгийн зөв хооллолт болно.

 

Эх сурвалж: Time.Com