Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

2015 онд Дэлхийд тулгарах геополитикийн АРВАН ТОМ эрсдэл

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Eurasia Group-ын тэргүүн Ян Бреммер болон Клифф Капчан нар жил бүр гаргадаг дэлхийн геополитикийн эрсдэлийн тайлангаа нийтэлжээ.

Тэдний үзэж байгаагаар 2015 онд дэлхийн гол хүчнүүдийн хоорондох зөрчил тэмцэл Хүйтэн дайны үеэс хойшх дээд хэмжээнд хүрэх гэнэ.

Орос, Хятад, Исламын улс болон шинээр хөгжиж байгаа орнууд гол эрсдэл үүсгэгчид байх боловч хамгийн том нь Европын өсөн нэмэгдэж байгаа улс төрийн тогтворгүй байдал байх гэнэ.

Бреммер, Капчан нарын нэрлэсэн 2015 оны хамгийн том 10 эрсдлийг жагсаавал:

 

  • Европын улс төр

Бреммерийн бичсэнээр “Европын эдийн засгийг тойрсон айдас дахин нэмэгдэж эхлэх ч энэ нь тус бүсийн лидерүүдийг нэгтгэх хэмжээнд үйлчлэхгүй” гэнэ.

Бас Европын Холбоог эсэргүүцэгч улс төрийн намууд улам хүчээ авахын хажуугаар зарим орны засгийн газрууд Германы хүч, нөлөөнд дургуйцэж эхлэх ажээ.

Гэвч эдгээрээс илүүтэй “Орос болон Исламын улс нь Европын аюулгүй байдалд заналхийлэх” гэнэ.

  • Орос

Хэдийгээр хориг арга хэмжээнүүд болон газрын тосны үнийн уналт Оросыг сулруулах ч Путины Украйн дахь бодлогыг өөрчилж чадахгүй.

Оросын эдийн засаг муудахын хэрээр Путины нэр хүнд нь түүний Барууныхантай хэрхэн тэмцэхээс хамаарна. Энэ тэмцэл нь Барууны компаниуд болон хөрөнгө оруулагчдыг чиглэж бодит амьдрал дээр бас кибер орчинд өрнөх гэнэ.

  • Хятадын бууралтын нөлөө

Хятадын удирдагч Си Зиньпин улс орноо хэрэглээ төвтэй эдийн засаг руу өөрчлөх замаар бага орлоготой хэсгээ өөд нь татах бодлого барьж байна.

Эдийн засгийн бууралт Хятадад өөрт нь бага нөлөө үзүүлж харин түүнээс хамааралтай улсуудын эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

  • Санхүүг зэвсэг болгон ашиглах

Вашингтон хөрөнгийн зах зээлээс авхуулаад хориг арга хэмжээ хүртэл аргуудаар санхүүг зэвсэг болгон ашигласнаар цэрэг зэвсгийн бус аргаар гадаад бодлогын зорилтуудаа хэрэгжүүлэхийг оролдож байна.

Үүний сөрөг тал нь АНУ-ыг холбоотнуудтай нь (ялангуяа Европ) хагаралдуулж, Америкийн компаниудыг хохирооход хүргэнэ.

  • Исламын улс Ирак, Сирээр тогтохгүй

Хэдийгээр Исламын улс бүлэглэлийн тэлэлт Ирак, Сирид цэргийн ажиллагаанд саатаад байгаа ч үзэл санааны хувьд Ойрхи Дорнод, Хойд Африкийг хамарна.

Йемен, Йордан, Саудын Арабт салбар бүлэглэлүүд нь байгуулагдсанаар бусад хөрш орнууддаа эрсдэл бий болгоно гэж Бреммер бичжээ.

  • Сул удирдагчид

Хүмүүс залхаж, урам хугарч эхэлнэ.

Үүний үр дүнд Бразил, Колумби, Өмнөд Африк, Нигери, Турк зэрэг улсуудын эрх баригчид ширүүн эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарах болно.

  • Стратегийн салбаруудын өсөлт

Ирэх онд бизнесийн салбаруудын өсөлт, бууралт нь улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэсэн засгийн газруудаас голлон хамаарна.

Бреммер “ялангуяа АНУ үндэсний аюулгүй байдлыг бодлогынхоо тэргүүнд тавьснаар батлан хамгаалах салбарт хамаарах технологи, харилцаа холбоо, санхүүгийн компаниуд хэрхэн өсөхийг бид харах болно” гэжээ.

  • Саудын Араб ба Иран

Иран, Саудын Арабын зөрчил үргэлжилж Вашингтон болон бусад талууд тэдний асуудалд оролцохоос зайлсхийнэ.

Ираны цөмийн технологийн асуудлаарх хэлэлцээр улам бүр хүндэрснээр эдгээр хоёр орон бусад Ойрхи Дорнодын улсуудыг зөрчилдөөндөө ашиглах явдал 2015 онд дээд цэгтээ хүрнэ.

  • Тайвань ба Хятад

Бреммер “Тайваний дотоод улс төрийн зөрчилдөөн эх газартай харилцах харилцааг хурцатгасан жил болно” гэжээ.

Хэрвээ Бээжин нь Тайпэйгийн энэ байдлыг хоёр улсыг нэгтгэх явцад саад учруулна гэж үзвэл Бээжин одоогийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа эргэн харах магадлалтай болно.

Мөн АНУ энэ асуудалд оролцвол АНУ-Хятадын харилцааг муутгах шалтгаан болох гэнэ.

  • Турк

Туркийн ерөнхийлөгч Рэжип Таийп Эрдоган улс төрийн өрсөлдөгчид рүүгээ довтолгоогоо үгэлжлүүлэн, эрх мэдлээ нэмэгдүүлэхийг чармайж, Туркийн улс төрийн системийг өөрчлөхийг оролдоно.

Гэвч энэ жил тэр хүссэн хүч чадлаа олж авч чадахгүй ба хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч улс төрийн тогтворгүй байдал бий болгоно гэжээ.

Мөн Сири, Иракаас ирэх дүрвэгсдийн асуудал Туркийн улс төр дэх радикал үзлийг дэвэргэх гэнэ.

 

Эх сурвалж: Eurasia group, Business Insider