Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Малала Юсафзай: Бүх хүүхэд сургуульд сурах бололцоотой болох хүртэл тэмцлээ зогсоохгүй

Б.Даваахүү
2014 оны 12 сарын 12
Монголын мэдээ
Зураг зураг

Түүхэн дэх хамгийн залуу нобельтон Пакистаны 17 настай Малала охины Норвегийн Осло хотноо болсон шагнал гардуулах ёслол дээр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 

Хүндэт норвегийн нобелийн хорооны гишүүд, хүрэлцэн ирсэн эрхэм ах, эгч нараа. Өнөөдөр бол миний хамгийн жаргалтай өдөр. Нобелийн хороо энэ эрхэм хүндтэй шагналд намайг тодор­хойлсонд жаахан балмагдаж бай­на.

Намайг дэмжиж хайрладаг та бүгдэд үнэхээр их баярлалаа. Одоо ч гэсэн дэлхийн өнцөг булан бүрээс надад зориулан илгээсэн захидлыг би талархан хүлээн авдаг. Та нарын бичсэн урмын үгс намайг үргэлж зоригжуулж, ирлэж байдаг шүү. Мөн  эцэг эхдээ ч гэсэн талархал илэрхийлье. 

Далавчийг минь таслах бус харин ч нисэхэд минь тусалдагт тань баярлалаа ааваа. Баярлалаа ээжээ. Үргэлж үнэнийг хэлж, тэвчээртэй байхыг зааж сургадагт тань. Энэ шагналыг хүртсэн хамгийн залуу хүн, анхны Пакистаны иргэн, анхны Паштун болсоноороо би үнэхээр их бахархаж байна.

Сурч боловсрох эрхээ хасуулсан хүүхдийн төлөө юм хийж эхлэх цаг нь иржээ.​ 

Мөн маш удаан хугацаанд хүүхдийн эрхийн төлөө тэмцсэн Кайлаш Сатяартхитай хамт энэ шагналыг хүртэх болсондоо баяртай байна. Бид хүүхдийн эрхийн төлөө хамтран тэмцэж, Энэтхэг Пакистан хоёр орон амар амгалан, нэгдмэл байж чадна гэдгийг дэлхий нийтэд харуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хүндэт ах, эгч нараа. Малала гэдэг үг нь уйтгар гунигт автах, уйтгар гэсэн утгатай. Гэсэн ч надад аз жаргал ерөөн өвөө маань намайг үргэлж Малала гэж дууддаг юм.

Дэлхийн хамгийн жаргалтай охид бид маш том шалтгаантайгаар энд хамтдаа зогсож буйдаа баяртай байна. Энэ шагнал зөвхөн минийх биш. Энэ бол сурч боловсрохыг хүсч буй мартагдсан хүүхдүүдийнх.  

Энэ бол амар амгаланг хүсч, үргэлж айдас хүйдэстэй амьдарч буй хүүхдүүдийнх. Энэ бол өөрчлөлтийг хүсч байгаа ч үгээ хэлэх эрхгүй хүүхдүүдийнх. Тэдний дуу хоолойг хүргэж, тэдний эрхийн төлөө тэмцэхийн тулд би энд зогсож байна. Тэрнээс биш тэдний төлөө харамсаж, халаглах гэж биш. Сурч боловсрох эрхээ хасуулсан хүүхдийн төлөө юм хийж эхлэх цаг нь иржээ. Хүмүүс намайг өөр өөрөөр таньдаг юм билээ. 

Зарим хүмүүс намайг талибуудад буудуулсан охин гэж нэрлэдэг бол зарим нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч гэдэг. Харин одоо бол зарим нь нобелийн шагналтан гэдгээр нь андахгүй болсон.

Харин миний бодлоор би гэдэг хүн дэлхий дахинаа энх тайван тогтнож, эмэгтэйчүүд тэгш эрхээ эдлэж, хүүхэд бүр сурч боловсроосой гэж хүсдэг зүгээр л нэг зөрүүд, үзэл бодолдоо баттай зогсдог эмэгтэй. Боловсрол бол амьдралын энгийн нэг хэрэгцээ. Би үүнийг 17 жилийн амьдралынхаа туршлага дээрээ үндэслэн хэлж байна.

Манайх Пакистаны хойд этгээдийн Сват тосгонд байлаа. Би шинэ зүйл сурч мэдэхийн тулд сургуульдаа явах үнэхээр дуртай байсан. Ямар нэгэн онцгой өдрөөр найзууд маань гар дээрээ хенна хийдэг байсныг би одоо ч тод санаж байна. 


Тэр үед бид цэцэг, хээ угалз зурахын оронд гар дээрээ математикийн томьёо,  тэгшитгэл зурдаг байсан. Бидний ирээдүй ангийн маань өрөөнд байсан учраас бид боловсролоор цангасан байсан.

Бид хамтдаа суралцаж, хамтдаа уншиж, хамтдаа сууна. Сургуулийнхаа дүрэмт хувцсыг цэгцтэй нямбай өмсөх дуртай бөгөөд бид нүдэндээ том мөрөөдөлтэйгөөр суудаг байлаа. Бид сайн сураад эцэг эхээрээ бахархуулахыг хүсдэг байсан. Зарим нь зөвхөн хөвгүүд л чаддаг зүйлийг охид ч гэсэн хийж чаддаг юм шүү гэдгийг нотлохыг хүсдэг байсан.

Бүх зүйл бахь байдгаараа л байна. Намайг 10 настай байхад Сват байгалийн үзэсгэлэн бүрдсэн аялал жуулчлалын бүс байсан. Гэвч гэнэт л терроризмын бүс болон хувирсан юм. 400 гаруй сургууль үүдээ барьсан.  Охид сургуульд сурахаа больсон. 

Эмэгтэйчүүд зодуулж, энгийн хүмүүс амиа алдаж байсан. Бид бүгд зовж зүдэрсэн. Үүнийг дагаад бидний хүсч байсан сайхан мөрөөдөл маань хар дарсан зүүд болон хувирсан.  Боловсролыг гэмт хэрэг гэж үзэх болсон.

Боловсрол бол амьдралын энгийн нэг хэрэгцээ.

Гэхдээ миний ертөнц гэнэт өөрчлөгдөж, үүнийг дагаад үзэл бодол ч өөрчлөгдсөн. Эцэст нь хоёр сонголт надад тулгарлаа. Нэг нь чив чимээгүй байх, харин хоёрдахь нь үхлээ хүлээх.

Хоёрдахь сонголт нь үгээ хэлээд амиа алдах байсан юм. Би хоёрдахийг нь сонгосон.  Би ярихаар шийдсэн. Террористууд биднийг зогсоохын тулд 2012 оны аравдугаар сарын 9-нд манай найз бид хоёр руу халдсан. Гэхдээ тэднийг сум ялж чадаагүй юм. Бид амьд үлдсэн. 

Тэр өдрөөс хойш бидний дуу хоолой илүү хүчтэй, чанга болсон. Онцгой болохоор өөрийнхөө түүхээ ярьж байгаа юм биш шүү. Учир нь энэ зөвхөн миний түүх биш. Олон арван охидын түүх болохоор.

Өнөөдөр энэ шагналыг надтай хамт гардахаар Осло хотноо Сири, Нигер, Пакистаны найз нар маань ирсэн байгаа. Тэдний амьдрал ч гэсэн минийхтэй яг адил. Шазиа, Кайнат Риаз нарын баатарлаг эгч нар маань тэр өдөр Сватад надтай хамт буудуулсан.

 

 

Тэд ч бас гэмтсэн. Пакистанаас ирсэн Кайнат Сомро эгч маань ч гэсэн хүчирхийлэл, доромжлолын дунд амьдарч байна. Бид Малала сангийн кампанит ажлын үеэр танилцсан юм.

Сирийн 16-тай охин Мезоны хувьд гэвэл одоо Иорданы дүрвэгсдийн лагерьт байрлаж тэнд байгаа охид хөвгүүдэд суралцахад нь тусалж байна.  

Харин Нигерээс ирсэн Амина сургуульд явах хүсэлтэй ч хэт даврагч Боко Харамын улмаас явж чадахгүй байгаа. Би Шазиа, Кайнат Риаз, Кайнат Сомро, Мезон. Амина гээд сургуульд сурч чадахгүй байгаа 66 сая охидын төлөөлөл болж энд ирсэн. Зарим хүмүүс охидод яагаад боловсрол тийм чухал юм бэ гэж асуух байх. Миний хариулт бол маш товчхон. 

Өнгөрсөн жил НҮБ дээр би “Нэг хүүхэд, нэг багш, нэг үзэг, нэг ном дэлхийг өөрчилж чадна” гэж хэлсэн. Өнөөдөр дэлхийн хагас нь бидний харж байгаачлан, маш хурдацтайгаар хөгжиж дэвшсээр байна. Гэсэн ч, мөргөлдөөн, шударга бус явдал, ядуурал, өлсгөлөнгийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй олон улс байсаар байна.  

Пакистан, Афганистанд олон гэм зэмгүй хүмүүст террорист халдлагын золиос болж, хорвоог орхиж байна.​ 

Гэм зэмгүй олон мянган хүмүүс амиа алдсаар байна. Олон гэр бүл Ирак, Сири, Газын зурвасаас дүрвэж байна. Нигерийн хойд хэсэгт амьдардаг охид сургуульд сурч чадахгүй байна. 

Харин Пакистан, Афганистанд олон гэм зэмгүй хүмүүст террорист халдлагын золиос болж, хорвоог орхиж байна. Африкийн олон хүүхдүүд ядуурлын улмаас сургуульд суралцах боломжгүй байна.

Энэтхэг, Пакистаны олон хүүхдүүд хүчээр хүнтэй гэрлэж, албадан хүнд хөдөлмөр эрхлэж, нийгмийн хорио цээрийн уршгаар боловсрох эрхээ эдэлж чадахгүй амьдарсаар байна. Сургуулийн нэг найз маань надад үргэлж эмч болохыг мөрөөддөг гэж байлаа. Гэвч түүний мөрөөдөл зүгээр л мөрөөдөл чигтээ үлдсэн. 

Тэр маань 12 настай байхдаа хүнтэй гэрлэж, удалгүй хүүхэд төрүүлсэн. Тэр төрөхдөө дөнгөж, 14 настай байсан. Хэрвээ хүнтэй гэрлээгүй байсан бол үнэхээр сайн эмч болж чадах байсан гэдгийг би сайн мэдэж байна.

Гэвч чадаагүй юм. Энэ түүх бол Нобелийнхоо шагналыг дагалдан ирэх мөнгөн урамшууллыг яагаад Малала Санд хандивлах болсон шалтгаан маань байгаа юм. Мезун, Амина нартай хамт дэлхийн өнцөг булан бүрт байгаа охидод туслахад зориулахыг хүсч байна. 

Энэхүү хөрөнгө оруулалтаараа хамгийн түрүүнд хийх ажил бол миний зүрх хаа нэгтээ орших, тэр тусмаа Шангла, Сват дахь гэр минь буй Пакистанд  сургууль барих. Төрөлх тосгонд маань одоо ч охидод зориулсан дунд сургууль байхгүй. Би миний найзууд боловсролтой болж, мөрөөдлөө биелүүлэх боломжтой болох учраас тэнд нэг ч гэсэн сургууль барихыг хүсч байна.  

Би үүнээс л эхэлнэ. Гэхдээ би хэзээ ч зогсохгүй. Хүүхэд бүр сургуульд сурч чадахаар болох хүртэл би энэ тэмцлээ зогсоохгүй. Халдлагад өртөн гэмтсэнийхээ дараа илүү их хүчтэй болсон юм шиг санагддаг.

Би болон биднийг хэн ч зогсоож чадахгүй. Учир нь одоо бид хэдэн саяулаа болж, хамтдаа сөрөн зогсож байгаа болохоор. Эрхэм ах ,эгч нар аа. Ард түмэнд аугаа их өөрчлөлтийг авчирсан суут хүмүүс болох Мартин Лютер Кин, Нелсон Мандела, Тереза эх, Ан Сан Су Чи тэд нар ч энэ тайзнаа нэг удаа зогсож байсан. 

Урт удаан өөрчлөлт хийхийг зорьсон аялалдаа Кайлаш Сатяартхитай хамт зэрэгцэн алхахыг хүсч бай­на. Энэ удаагийнх хүүхдүүдийн боловсролын төлөөх хамгийн сүүлчийн тэмцэл байгаасай гэж би юу юунаас ч илүү хүсч байна. Бид хүн бүрийг эхлүүлсэн кампанит ажлыг минь дэмжээсэй гэж хүсч байна.  

Миний хэлсэнчлэн, бид аль хэдийнэ зөв замыг сонгочихоод байна. Одоо дээш тэмүүлэх цаг нь ирлээ. Гэхдээ удирдлагууддаа боловсрол ямар чухал болохыг ойлгуулах цаг биш, тэд хэдийнэ өөрийнхөө хүүхдүүдийг сайн сургуульд сургахаа мэдэж байгаа.  Тиймээс тэднийг энэ үйлсдээ уриалан дуудах цаг ирээд байна.

Зураг