Иргэний зориг ногоон намаас мэдэгдэл гаргасан байна. Үүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
Иргэний зориг ногоон нам Улс төрийн зөвлөл, Үндэсний хорооны хурлаа хуралдуулж, Шинэчлэлийн засгийн газарт орж ажилласан хоёр жилийн хугацаанд гаргасан амжилт, төлөвлөсөн ажлууд болон өнөөгийн улс төр, эдийн засгийн байдалд дүгнэлт хийлээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид хийсэн ажлаа дүгнэж, УИХ дахь намын төлөөлөл идэвх, санаачлагатай ажиллаж байгааг, Шинэчлэлийн засгийн газрын үндсэн чиг үүргийн яам болох Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг удирдаж, багагүй ажил амжуулж, цөөнгүй ажлыг санаачлан эхлүүлснийг онцлон тэмдэглэв.
Өнөөгийн улс төрийн болон эдийн засгийн нөхцөлд, нэг талаас төрийн тогтвортой байдал, ард түмний ашиг сонирхлыг дээдэлж, нөгөө талаас эрх баригч, сөрөг хүчин гэж хуваагдах, бүлэг фракцаараа талцан, эрх мэдлийн төлөө тэмцлийг өрнүүлэхийн оронд өнөөгийн байдалд бодит дүгнэлт хийж хамтдаа хямралаас гарах ухаалаг алхмуудыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Монгол улсад өнөөдөр бий болсон улс төр, эдийн засгийн хямрал нь улс орны эрх ашгаас илүү намын болон нам дамнасан бүлгэмүүдийн сонирхолд хөтлөгдөж ирсэн гаж тогтолцооноос үүдэлтэй бөгөөд ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 20 гаруй жилийн түүхэнд засгийн газрыг хугацаанаас нь өмнө удаа дараа огцруулахад нам, улс төрчид хожиж, ард түмэн хохирч, ядарч, туйлдаж ирсэн гашуун сургамж байсныг улс төрчид болон улс төрийн намууд мартах ёсгүй.
Манай нам 2000 онд үүсэн байгуулагдсанаас хойш улс орны тогтвортой хөгжлийг хангах, иргэний оролцоотой ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирсэн билээ. Тиймдээ ч улс орны эдийн засаг хүндэрсэн хэцүү цаг үед төрийг тогтворгүй байдалд оруулах үйлдлүүдийг зохисгүй гэж үзэж байна. Манай нам 2012 оны 07 сарын 19-ны өдрийн Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шудрага ёс” эвсэл, Иргэний зориг ногоон намын “Хамтарсан засгийн газар байгуулан ажиллах гэрээ”-ндээ тууштай байж, Шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлж, тогтвортой ажиллахад улам их хувь нэмэр оруулж ажиллахаар шийдлээ.
Үүнтэй уялдуулан, 2012 оны сонгуулиар Иргэний зориг ногоон намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон С.Дэмбэрэл, С.Оюун нарт Шинэчлэлийн засгийн газрын тогтвортой ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахыг үүрэг болголоо.
ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ
Улаанбаатар хот
2014 оны 10 дугаар сарын 25
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!