Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Отгонсүх: Хөдөө нутаг цаанаа л сайхан, үгээр илэрхийлэмгүй жаргал

Б.Төрбат
2014 оны 10 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Ээжийнхээ өвөр дээр эрхлэх бяцхан хүү өсч, томрон эрийн цээнд хүрнэ. Цагийн уртад сэвлэгнийх нь үнэр арилж, толгойд нь буурал хяруу сууна. Амьдралын ийм хүрдийг сануулан намрын шаргал навчис хүний ертөн­цийг улам л үнэ цэнэтэй болгох шиг.

Газарт хөглөрөх шар навч байгаль дэлхийд өнгө нэмэх ч гадаад үзэмжээсээ илүү хүмүүний сэтгэлийн дотоод мөн чанарыг илүүтэй бодогдуулдаг ч юм шиг.

Яг л ийм намрын гэгэлгэн өдөр манай сурвалжлах хэсэг “Эгэл амьдрал” булангийнхаа зочныг олохоор Төв аймгийн Эрдэнэ сумыг зорьсон. Машины цонхоор харж явах нь ээ, тэртээх талд хонь, ямаа бэлчиж, хааяа нэг морь­той хүн үзэгдэнэ.

Тал нутагт намрын гэгэлгэн өдрүүд үргэлжлилж, малчид ч хадлан тэжээлээ хэдий­нэ базаагаад эхэлжээ. Энэ жил 90 жилийн ойгоо тэмдэг­лэн өнгөрүүлсэн Эрдэнэ сумын­хан сэрүү татсан энэ л өдрүүдэд үүрээ эвдүүлсэн зөгий шиг бужигналдаж, борви бохис хийлгүй ажиллаж байх үеэр залуу малчин Б.Отгонсүхийнд аяны дөрөө мулталлаа.

Төв аймгийн Эрдэнэ сумын тавдугаар багийн залуу малчин Б.Отгонсүхийнх 1100 орчим толгой малтай. Тэдний гол амьжиргаа нь энэ. Тэрбээр эхнэртэйгээ гэр бүл болоод таван жил болж байгаа аж. Түүнтэй ийнхүү ярилцсан юм.

-Энэ жил танай нутагт зуншлага хэр байв?

-Хаа сайгүй л зуншлага сайхан болох шиг боллоо. Өвс ногоо ч сайхан ургалаа.

-Бүл цөөтэй айл шиг байна. Хадлан тэжээлээ авч амжаа юу?

-Тийм ээ, авчихсан. Энэ жил 20-иод портер өвс авлаа. Бүгдийг нь гар аргаар хадсан.

-Энэ хавийн айлууд хонь, ямаагаа ихэвчлэн мотоцикльтой хариулж харагдлаа.

-Уг нь хятад мотоцикль хурдан шуурхай. Ид ажлын үед түүн шиг хэрэгтэй зүйл. Гэхдээ миний хувьд малаа мотоцикльтой хариулах дургүй.

-Яагаад?

-Хонь, ямааг мото­цикль­­­той хариулахаар тарга тэвээр муу авдаг юм.

-Залуу хүн гэхэд нэлээн олон толгой малтай юм. Эзэн нь малаа хэрхэн маллахаас шалтгаалж тоо толгой нь өсдөг. Мал маллах ухаанд хэр суралцаж байна даа?

-Мал маллах тийм ч амар ажил биш шүү дээ. Их ухаан шаарддаг. Жилээс жилд тэр ухаанд нь суралцаж л явна. Сурахгүй байсан ч өнөөх хэдэн мал нь аяндаа сургаад өгнө дөө. /Инээв/ Ер нь ямар ч малчин бэлчээрээ сайн дагнаж, малаа таргалуулах хэрэгтэй. Дээр нь хужир, усыг нь сайн тааруулах нь чухал. Хамгийн гол нь чанаржуулах тал дээр анхаарах шаардлагатай. Тийм­дээ ч манайх Сүх­баатар аймгийн Эрдэнэ­цагаан сумаас хуц авч ирж тавьдаг.

-Яагаад заавал Сүх­баатар­­­­аас гэж?

-Манайхныг бодвол илүү нугаламтай байдаг юм. Байгалийн янз бүрийн үзэгдэлд тэсвэртэй санагддаг. Анх мал маллаж эхлэхэд хэцүү л байлаа. Мал дээр гараад жил болж байхад зуд болоод хотоо харлуулж байсан гашуун түүх ч бий.

-Хэдэн оны зуд вэ?

-2009 он. Мал маань овоо сайхан өсч байсан. Зуд нэлээн хэдийг нь аваад явсан. Үнэхээр гол харлаад л явчихдаг юм билээ. Байж сууж ч чаддаггүй юм билээ. Гэхдээ нэг талаараа их сургамж болсон. Малаа ямар үед хэрхэн бэлчээх, тэжээл өвсийг нь яаж бэлдэхээс авахуулаад мал­чин хүний арга ухаанд нар­ийн суралцсан даа.

-Өдөр болгон нэг ажлаа хийгээд байхаар уйтгартай биш үү?

-Уйтгартай байлаа гээд яах вэ дээ. Бидний амьдрал юм чинь. Тэрэндээ ч дасчихсан байна. Өөр яалтай ч билээ. Тэгээд ч хүн дасч, сурсан ажлаа хийх шиг жаргал хаана байна аа. Би л гэхэд хотод нэг ч хонож чаддаггүй. Толгой өвдөөд байдаг юм. /Инээв/

-Гэхдээ залуу хүний хувьд нэг удаа ч болов хот газар амьдрах юмсан гэж бодож байгаагүй юу?

-Би 2006 онд Худал­даа үйлдвэр­­­лэлийн дээд сургуул­­­­­­ийг Худалдаа­­­ны менежер мэргэж­лээр төгс­сөн. Их сургуулиа төгсөөд жил гаран хотод ажил хийсэн.Үнэхээр бүтэхгүй юм билээ. Тэгээд л мал дээр гарахаар шийдсэн.

-Яагаад?

-Ээ, хэцүү шүү дээ. Хот газар амьдрах амаргүй. Хар багаасаа хөдөө талд өссөн болоод ч тэр үү нутгаа санаад болдоггүй. Болохгүй юм цаанаасаа л болдоггүй. Хөдөө нутаг цаанаа л сайхан шүү дээ. Өөрийн эрх дураар адуу малаа дагах шиг жаргал хаана байна. Тааваараа, эрх чөлөөтэй байх шиг сайхан зүйл алга.

-Ах, дүү олуулаа юу?

-Өө, байлгүй яах вэ. Аав маань сум нэгдэлдээ олон жил даргалсан Батсүх гэж хүн бий. Би эхээс наймуулаа. Айлын бага хүү. Эгч нар маань гадаадад амьдардаг. Бусад нь хот, хөдөө гээд л энд тэнд байна даа.

-Бүл цөөтэй айл болохоор хавар төлөө авах гэж ядардаг байх даа?

-Ахынх манайх хоёр саахалт болохоор тэд их тус болно. Хавар төлийн үеэр заримдаа хүн хөлсөлнө. Ихэвчлэн л хүүхдүүд тусал­­­даг даа. Огт танихгүй айлын хүүхдүүд ч бий. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хүүхэд морь унах гэж ирээд таван жил боллоо.

-Хүү шиг нь болчихсон уу?

-Тийм ээ, яг л хүү шиг минь байдаг. Бид хооллож ундалж, хувцас хунарыг нь авч өгдөг. Сургууль соёлд нь ч явуулдаг.

-Хэдэн настайдаа ирэв?

-12 настайдаа ирсэн. Одоо 16 нас хүрч байна.

-Малаас өөрөөр амь­жир­­гаа­гаа яаж зал­гуулах вэ, танай суманд?

-Байна аа. Манай сум амралт, сувилалын газар ихтэй. Тэнд ажилчид их авдаг. Сум, орон нутгаас ч гэсэн иргэдээ дэмждэг. Рашаан, сувилал, жуулчны бааз их байдаг болохоор тэндээ ажиллуулдаг. Бо­ломж байна аа, болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ.

-Хонь, ямаа Эрдэнэ суманд ямар ханштай байна аа?

-Цаг, улирал­­аасаа шалтгаална л даа. Төлөг 120 мянга, шүдлэн 150 мянга гэж байна даа.

-Ноолуур хэр авдаг вэ?

-Манайх 200 гаруй ямаатай. Жилдээ 70 кг ноолуур авдаг.

Ийн элдвийг хөөрөлдөж, суух зуур нар Эрдэнэ хайрханы цааг­уур тонгойж, бид­­­нийг гэрийн зүг жолоо эргүүлэх­ийг сануулав.
Гэхдээ саваа­­­гүй зан хөдөлж, хотын хэдэн найзуу­­дын минь яриа толгойд зурс­­­хийн Г.Отгон­сүхээс “Хот­ын залуус мянгат малч­­­ны охинтой суучих юмсан” гэж ярьдаг. Мянга гаруй мал­­­ын ашиг их гэх юм билээ гэж хатгавал “Нээрээ тийм гэнэ лээ. Дураараа улс шүү. Яг тэгшхэн мянга орчим байвал шалихгүй шүү дээ. 1400-1500 орчим байна овоо юм болно шүү дээ. Манай мал л гэхэд хотын ханшаар гурван өрөө байр хүрэхгүй шүү дээ” гэв.

Их хотоос холгүйхэн, хурдан тэргээр цаг орчим давхиад хүрчих газарт хотын залуусын өмсдөг ганган хослол, бариу зангианаас татгалзаж халцарч цай­сан орос бахиаль жийж, эцэг эхээс өвлөсөн “буян”-наа нэмэх гэж яваа залуу­тай хөөрөлдсөн минь энэ.

Зураг