Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Наранбаатар: АН-д булшлагдаад байсан дотоод ардчиллыг дахин сэргээсэн шийдвэр гарлаа

ikon.mn
2014 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Дархан-Уул аймгийн АН-ын дарга Л.Наранбаатартай ярилцлаа. Түүнийг тус аймгийн намын дарга гэдгийг баталгаажуулсан АН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр гарсны дараахан энэ ярилцлагыг авсан юм.
 

ДАРХАНД НАМЫН УДИРДЛАГУУД ДҮРЭМГҮЙ ТОГЛОЖ ИРСЭН


-Дархан-Уул аймгийн АН-ын даргын асуудлыг танай намын Хяналтын ерөнхий хороо хэлэлцэж, асуудал таны талд шийдэгдлээ. Ийм шийдвэр гарна гэж хүлээж байв уу?
 
-Ардчилсан нам бол өөрийн дотоод дүрэмтэй. Тэр дүрмийг хүлээн зөвшөөрч гишүүнээр элсдэг. Өөрөөр хэлбэл, дүрмийг хүлээн зөвшөөрснөөрөө энэ намын үнэт зүйл, үзэл баримтлалыг дагаж, хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.
 
АН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр маш чухал шийдвэр гаргалаа. Магадгүй АН-д булшлагдаад байсан дотоод ардчиллыг дахин сэргээж, бэхжүүлэх алхамд чухал хувь нэмэртэй шийдвэр гарлаа.
 
Бүтэн хоёр жилийн турш Дархан-Уул аймгийн АН үнэхээр болсонгүй гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Сүүлийн 10 жилд байнга ялагдал хүлээж ирсэн. Үүний шалтгаан нь дүрэмгүй тоголдог намын удирдлагуудаас болж байсан.

Дарханд намын удирдлагууд дүрэмгүй тоглож ирсэн. Л.Наранбаатар

Залуучууд намд орж ирэхээр хааж боодог, шинэ үзэл бодлын эсрэг хана хэрэм босгосон байсан.

Энэ бусармаг явдлаа өөрсдийн эрх ашигт ашигладаг байдлын эсрэг Дархан-Уул аймгийн АН-ын мянга мянган гишүүд тэмцсэний хүчинд АН-ын Хяналтын ерөнхий хороо шударга шийдвэр гаргалаа гэж үзэж байна.
 
Өмнө нь манай намын Хяналтын хороо энэ асуудлыг ерөөсөө авч хэлэлцэхгүй байсан.  Хэлэлцүүлэх гэхээр ирцээ хүргэхгүй байх арга хэрэглэж, зарим нь зугтаж ч үзлээ. Тиймээс энэ бол намын гишүүдийн маань тэмцлийн үр дүн юм.
 
Дарханы АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийхөн өнгөрсөн жил тав хоног өлсгөлөн зарласны үндсэн дээр намын дотоод сонгуулийг шударгаар явуулж, анхан шатны үүрүүд дээр Дархан-Уул аймгийн намын хорооны 99 гишүүнийг сонгох сонгууль болсон.
 
Гэтэл энэ шийдвэрийг Н.Мөнхдаш, Г.Гантулга, О.Цолмон нар будилаантуулсан. Ингэхдээ Дархан-Уул аймгийн намын хорооны 99 гишүүний 75-ыг сонгоход  Дархан сумын намыг хуурамчаар бүртгүүлж, тамга, тэмдгийг нь Цагдаагийн байгууллагын оролцоогоор хүчингүй болгуулж будилуулсан.
 
Дээр нь зөвшөөрөлгүйгээр тамга хуурамчаар хийлгэж, тэр хуурамч тамгаараа Дархан сумын намын зөвлөл байгуулж, шударга бусаар, дүрмээс гадуур өөрсдийгөө сонгосон.
 
Ингэж өөрчлөлт, шинэчлэлийн төлөө гэсэн олон мянган намын гишүүдийн хүсэл эрмэлзлийг уландаа гишгэсэн. Энэ бүх баримтыг бид бүрдүүлж, Хяналтын хороонд өгсөн.

Баримт:

Нотлох баримт хангалттай, дээр нь намын гишүүд, хэвлэл мэдээллийнхний дэмжлэг үнэхээр сайн байсан учраас өнөөдөр Хяналтын ерөнхий хороо үнэн зөв шийдвэр гаргалаа.

 
Одоо Дархан-Уул аймгийн АН-ын өмнө  дотоод ардчиллыг бэхжүүлэх, 2016 оны сонгуульд бэлтгэх ажил үлдлээ.

​Дарханд ардчиллын салхи дахин салхилна гэдэгт бид итгэлтэй  байна.
 

ШУДАРГА ҮЙЛДЛИЙГ ТОЙРООД НАМЫН ЭВ НЭГДЭЛ НЯГТАРНА


-Тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн хүмүүст ямар нэг хариуцлага хүлээлгэх үү?

-Тэр бол цагдаагийн байгууллагын хийх ажил. Тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн асуудалд цагдаагийн байгууллагынхан өөрсдөө оролцсон байдаг. Бид цагдаагийн байгууллагын дотоод хяналтын газар хандсан. Тиймээс цаашаа ажиллаж, зохих шийдвэрээ гаргах ёстой гэж бодож байна.
 
Цагдаагийн байгууллага үүнд хариу өгөхдөө “Дархан сумын АН-ын дарга Цолмон тамга гээгдсэн гэсэн. Тиймээс бид гээгдсэн тамгыг хурааж аваад хүчингүйд тооцлоо”  гэсэн. Гээгдсэн тамгыг яаж хурааж авах билээ. Гэтэл тамга гээгдээгүй, намын үйл ажиллагаа явж байсан.
Үнэндээ бол ийм бусармаг үйл ажиллагааг сонгууль будилаантуулах зорилгоор хийсэн нь өнөөдөр нотлогдлоо.
 

-Та яллаа гээд танай Дарханы намын эв нэгдэл тийм амар бэхжих болов уу?

-Дарханы АН-ын дотоод эв нэгдэл бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь биднийг сонгосон сонгуульд намын 4000 гаруй гишүүд оролцож, саналаа өгсөн.

Шударга үйлдлийг тойроод эв нэгдэл нягтарна. Л.Наранбаатар

Өөр ч биднийг дэмждэг олон гишүүн санал өгөх боломжтой байсан ч Дархан сумын сонгуулийн хэсгийн хорооны будлианаас болж хаагдсан.

Тиймээс шударга үйлдэл, үнэний төлөө тэмцлийг тойроод эв нэгдэл нягтарна гэж би бодож байна. Одоо үйл хэргээрээ манлайлах л үлдлээ.
 

БИ ХЭЗЭЭ Ч НАМЗХ-НЫ ГИШҮҮН БАЙГААГҮЙ


-Та саяхан нэгэн сайтыг шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Тэр НАМЗХ-ны гишүүн гэх асуудал ямар учиртай юм бэ?

-medee.mn сайтад намайг намын гишүүн биш, НАМЗХ-ны гишүүн гэсэн материал гарсан. Энэ бол твийтер жиргээнээс  үүдэлтэй юм. Твийтэрт @ceomongol гэсэн хаягтай  Бат-Эрдэнэ гэж НАМЗХ-ны нарийн бичгийн дарга залуу миний хаяг руу “Та НАМЗХ-ны гишүүн юм байна, хуралдаа сууна уу” гэж жиргэсэн байдаг юм. Тэгэхдээ ямар ч нотлох баримтгүй, зүгээр нэг Л.Наранбаатар гэсэн хүснэгт тавьсан байсан.
 
Энэ хэрэг явдал өлсгөлөнгийн дараа намын дотоод сонгууль болохоос 10-аадхан хоногийн өмнө болсон.

Би хэзээ ч НАМЗХ гишүүн байгаагүй. Л.Наранбаатар
 

Тэр даруйд нь УИХ-ын дарга З.Энхболд болон түүний ахлах зөвлөх Буянцогтоо, бас О.Магнай зэрэг манай намын гишүүд дахин жиргээ буюу ретвийт хийсэн байдаг.

АН-ын дотоод сонгууль болох гэж байхад Ардын намынхантай үзэх болчихоод байна гэж УИХ-ын даргын зөвлөх, одоо ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга хийж байгаа Буянцогтоо тэрийг нь өлгөж авч цуурсанаас хүмүүст Наранбаатар МАН-ын гишүүн юм байна гэсэн ойлголт төрөх болсон байх. Тиймээс  энэ бол цэвэр гүтгэлэг.
 
Би хэзээ ч НАМЗХ-ны гишүүн, МАН-ын гишүүн байгаагүй. Твийтерээр жиргэснийхээ дараа тэр Бат-Эрдэнэ  НАМЗХ-ныхоо Хяналтын байгууллагад хандаад намайг гишүүн нь мөн эсэхийг тогтоолгохыг хүссэн юм билээ.  Хяналтын байгууллагаас нь “Наранбаатар бол НАМЗХ-ны гишүүн биш” гэсэн тодорхойлолт гарсан байна лээ. Би хэзээ ч НАМЗХ гишүүн байгаагүй. 

Баримт:


ЕР НЬ ХЭН ДАРГА ВЭ ГЭДЭГ ГОЛ АСУУДАЛ БИШ

-Хяналтын Ерөнхий Хорооноос гаргасан шийдвэрийг харахаар Дархан сумын намын хорооны дарга нь Б.Баяраа мөн болохыг тогтоогоод 2014 оны нэгдүгээр сарын 19-нд болсон хурлын шийдвэрийг хүчингүйд тооцсон байна. Энэ шийдвэрийн ач холбогдол нь юу вэ?

-Хэн дарга вэ гэдэг нь гол асуудал биш. Аль намын хороо нь хүчинтэй, хууль ёсны юм бэ гэдгийг нотолсноороо гол ач холбогдол нь оршино.

Хэн дарга вэ гэдэг нь гол асуудал биш. Аль намын хороо нь хүчинтэй, хууль ёсны юм бэ гэдгийг нотолсноороо гол ач холбогдол нь оршино. Л.Наранбаатар

Намын дотоод сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хэсгийн хороо нь Б.Баяраа даргын тамга тэмдэгээр баталгаажсан, албан ёсны Дархан сумынхаа намын зөвлөлөөр байгуулагдсан сонгуулийн байгууллага байжээ гэдэг нь нотлогдлоо гэсэн үг.

Хуурамчаар тамга хийлгэж, хуурамч сонгуулийн хэсгийн хороо байгуулан өөр өөрсдийгөө сонгосон Н.Мөнхдаш нар биш юмаа гэсэн үг.
 
-Тэгэхээр таныг Дархан-Уул аймгийн АН-ын хорооны даргаар сонгосон нь албажиж байна гэж ойлгож болох уу?

-Тиймээ, баталгаажсан. 

Баримт:

-Таныг Ардчилсан намын гишүүн биш учраас намын дарга байх боломжгүй гэсэн яриа гарч байсан.Энэ талаар тайлбар хэлнэ үү?

-Би Ардчилсан намын гишүүн мөн. Намын үндсэн дүрэмд зааснаар намд элсэн өргөдлөө өгч, намын батлахаа Шарын гол сумын АН-ын даргаас авсан.

Шарын гол сумын намын дарга Ц.Ганзориг Хяналтын хороонд намайг намын гишүүн мөн гэдгийг нотолсон баримтуудыг гаргаж өгснөөр энэ асуудалд цэг тавьсан.
                        
-Танд амжилт хүсье.


Ярилцсан О.Ганхуяг

Эх сурвалж: gereg.mn