Уншиж байна ...
Зураг
Зураг

П.Эрхэмбулган: Угаарын хийн хордлогын улмаас нас барсан 39 дэх тохиолдол цаг гаруйн өмнө бүртгэгдээд байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. 

  • Агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын даргын мэдээлэл
  • “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл 

Гэвч Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн ажлаар урьд шөнө Орос руу явсан, хийн түлшний асуудлаар БНХАУ, БНСУ, ОХУ-ын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өнөөдөр манай улсад ирсэн бөгөөд тэдэнтэй хийх уулзалт давхацсан тул хотын дарга байнгын хорооны хуралд оролцож амжихааргүй болсон гэдгээ тус тус байнгын хороон даргад мэдэгджээ.

Улмаар С.Амарсайхан, Х.Нямбаатар нар тус бүрийн мэдээллээ байнгын хорооны гишүүдэд цаасаар тараагаад, орлогч нараа явуулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нийслэлийн агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг холбогдох байгууллагаас тодруулав. 

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ)-ын дарга П.Эрхэмбулган: Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд Нийслэлийн түргэн тусламжийн төв болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудад угаарын хийн хордлогын 1,988 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 38 нь нас баралтын тохиолдол байна. Цаг гаруйн өмнө 39 дэх тохиолдол бүртгэгдээд цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

Агаарын бохирдлын улмаас хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг Нийгмийн эрүүл мэндийн төв голлож судалдаг. Тухайлбал UNICEF-тэй хамтран Дотоод орчны бохирдлыг бууруулсан буюу филтер тавьсан айлуудад хийсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн өсөлтийн судалгааг хяналтын бүлэгтэй харьцуулж үзэхэд ургийн өсөлт удааширсан гэсэн дүн байдаг.

Мөн сүүлийн 10 жилийн байдлаар нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн судалгааг авч үзсэн. Ингэхэд шинээр бүртгэгдсэн уушгины хорт хавдрын өвчлөл 2014 онд бодит тоогоор 140 тохиолдол байсан бол 2023 онд 208 тохиолдол бүртгэгдсэн байна.

Түүнчлэн анхаарал татаж буй нэг зүйл нь утаа мэдрэлийн системд нөлөөлж байгааг тогтоосон байдаг. Мэдрэлийн системийн өвчлөлийг сүүлийн 10 жилийн байдлаар авч үзэхэд хүүхдийн аутизмын өвчлөл 2014 онд 30 бүртгэгдэж байсан бол 2023 онд 1,732 бүртгэгдсэн. Гэхдээ үүнийг шууд өөрчлөлт гэж үзэх нь өрөөсгөл байх. Харьцангуй шинэ эмгэг учраас илрүүлэг сайжирсантай холбоотой байх. Гэвч энэ төрлийн эмгэг нэмэгдэж байгаа харж болохоор байна.