Монгол Улсад байгаль хамгаалах зорилго бүхий 800 гаруй төрийн бус байгууллагууд бий.
Энэ тооноос харвал байгаль орчны асуудалд гадны төсөл, зээл тусламж, мэргэжилтнүүд хэрэггүй мэт харагдана. Үнэндээ бол ихэнх төрийн бус байгууллагууд байгаль дэлхийг хамгаалах нэрээр амиа тэжээдэг гэхэд болно. Хамгийн тодорхой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага бол “Босоо хөх Монгол” юм.
Хэвлэлийн хуудас сөхөөд харахад үйл ажиллагаа нь тодорно. Өнгөрөгч долоодугаар сарын 4-нд News.mn сайт дээр “Өврхангай аймгийн Уянга сумын Өлтийн алтны уурхай дээр ажиллаж байсан иргэдийг “Босоо хөх Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийн залуус очиж дарамталжээ.
Тэд “Старекс” маркийн машинтай очиж, алт өгөхийг шаардан зодсон байдаг.
Хөдөлгөөний нөхөд байгаль хамгаалах нэрээр Уянга сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг зодон хүнд, хөнгөн гэмтэл учруулжээ.
Зодуулсан иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байсан бөгөөд сумын цагдаагийн хэлтсийн ажилтнууд хүчин мөхөсдөж аймгийн цагдаагийн газраас нэмэлт тусламж хүсчээ” гэжээ.
“2013 оны аравдугаар сарын 06-ны 20:00 цагийн үед Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас “Улсын дугааргүй хар машинтай зургаан залуу Бүрэнцогтын уул уурхайн ажилчдыг зодоод 1.5 сая төгрөг дээрэмдлээ” гэсэн мэдээлэл гаргасан байдаг.
Тэр мэдээллийн мөрөөр шалгахад “Босоо хөх Монгол”, “Даяар Монгол”, “Хөх Монгол” хөдөлгөөний зургаан залуу дугааргүй машин хөлөглөн Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар “аялж” гадна дотны компаниудыг дээрэмдсэн хэрэг гарсан. Тэд хоол унд, хувцас хунар, мөнгө төгрөг, шатахуун хүртэл дээрэмдээд Хэнтийн цагдаа дээр баригдсан тухай бүх хэвлэлд гарсан байдаг.
Дээрэм хийсэн залуусын талаар “Босоо хөх Монгол” бүлгэмийн удирдлагууд “Манай холбооноос гарсан нөхөд дээрэм хийсэн” гэж тайлбарлажээ.
Ямартай ч бусад төрийн бус байгууллагуудыг бодвол үндсэрхэг үзэлтэй хэмээн өөрсдийгөө товойлгодог нөхдийн үйл ажиллагаа цаг ямагт тодорхой байсан. Томоохон дээрэм, хүн амины хэргүүд хүртэл эдгээр нөхдийн дундаас гарч байсан. Үндсэрхэг үзэлтэй гэгдэх төрийн бус байгууллагуудын залуус хүн хүч муутай, хятад эзэдтэй уул уурхай болон барилгын компаниудын эрлэг болсон.
Харин хятадын томоохон компаниудын хашаагаар ч цухуйдаггүй юм билээ.
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын II багийн нутагт алт олборлож буй “Жи энд Юу голд” компанийг “Босоо хөх Монгол”, “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын нөхөд очиж түйвээсэн байна.
“Жи энд Юу голд” компанийн ажилтнууд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин нарт хаягласан ил захидалдаа “Манай компани нь Монголын үндэсний уул уурхайн компани. Энд монгол 150 залуу (Үүнд Уянга сумын иргэд бас байгаа) ар гэрээ тэжээж, хөдөлмөр эрхэлж, 500 орчим хүний амьдрал явж байна.
Гэтэл 2014 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 16:20 цагийн үед “Босоо хөх Монгол”, “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын нөхөд гэх Улаанбаатар хотоос хоёр машинтай хүмүүс ирлээ.
Нийт 20 гаруй, согтуу голдуу нөхөд хэл амаар доромжлон үйлдвэр эрхэлсэн захирал Н.Алтанхүү, ХХА-ны дарга Ё.Баасанжав нарыг зодож танхайрлаа. Захирлыгаа хамгаалсан Ё.Баасанжав, дотоод хяналтын ажилтан Батбаяр, нярав Амгаланбаатар, С.Болдбаярыг зодон танхайрч, хүчээр машинд суулган барьцаалан авч явлаа.
Эдгээр хөдөлгөөний ёс бус үйл ажиллагааг уурхайн ажилтнууд бид эрс эсэргүүцэж байна. Бидэнд тайван хөдөлмөр эрхлэх, амьд явах баталгаа байна уу. “Жи энд Юу Голд” компанийн нийт ажилтнууд” гээд гарын үсгээ зурсан байна.
Энэ талаар “Хонгор нутгийн дуудлага” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Батболдоос тодруулахад “Жи энд Юу Голд” компанийн хууль бус ажиллагаанаас болоод малчдын 30 гаруй мал үхсэн. Мєн малчдын бие дээр харшил гарч уух усгүй болсон учраас “Босоо хөх Монгол” бүлгэмийн нөхдийг дуудсан. Тэд хэнийг ч зодоогүй, барьцаалаагүй. Зүгээр машиндаа суулган авч явсан юм билээ” гэв.
Харин мэдээлэл өгсөн “Жи Энд Юу Голд” компанийн ажилтнууд “Босоо хөх Монгол” бүлгэмийн хүмүүс биднийг олон цагаар айлгаж дарамталсан. Элдэв зүйл нэхэн машинд суулган барьцаалан авч явсан. Бид хүнээ явуулахгүй гэж үзсэн ч дийлээгүй. Маш их айдастай байна” гэж мэдээлсэн юм.
“Жи энд Юу Голд” компанийн зөрчил дутагдлын талаар мэдээлэл бий. Зөрчил дутагдал байлаа гээд “Босоо хөх Монгол” арилгуулдаг байгууллага нь мөн үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!