Зуны халууныг тэсч гарах ДОЛООН арга
Дэлхийн дулаарлаас болоод хаа сайгүй халуу шатаж хүн төрөлхтөнд бас нэг бэрхшээл бий болж байгаа билээ. Мэдээж халуун нөхцөлд ус байнга уух, чихэрлэг ундаанаас татгалзах, кофейн, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь эхний арга хэмжээнүүд. Харин бусад аргуудыг та мэдэх үү?
Их халууныг хэрхэн давж гарах тухай шинжлэх ухааны үндэслэлтэй арга замуудыг зөвлөж байна.
1. Дасан зохицох
Хүн гайхалтай өндөр дасан зохицох чадвартай байдаг. Тиймээс дөрвөөс арван өдөр хүртэл, өдөр бүр 100 минут гадаа халуун нөхцөлд байснаар хүний бие орчны агаарын хэмд зохицон ажиллаж эхэлдэг гэнэ.
2. Дасгал хийх
Дасгал хөдөлгөөн хийх нь бас нэг төрлийн халуунд дасан зохицох арга. Дасгал хийсний дараа халсан биеийн хэм эргэж буухдаа орчны хэмтэй зохицдог. Өөрөөр хэлбэл дасгал хийх нь бие дээрээ хиймлээр халуун үүсгэж байгаа гэсэн үг юм.
3. Орчноо цэцэрлэгжүүл
Ургамал бол байгалийн амьд сэрүүцүүлэгч (air conditioner). Ургамал нь хөрснөөс авсан чийгээ навчаараа дамжуулан агаарт ялгаруулж байдаг гэнэ. Тиймээс заавал эрчим хүч, зардал шаардсан сэрүүцүүлэгч биш, ургамал цэцэг тарьвал халууны эсрэг авах нэг арга хэмжээ болно.
4. Түр амсхий
Халуунд үнэхээр ажиллаж тэвчихгүй байвал дор хаяж 15 минут сэрүүн эсвэл сүүдэр газар биеэ сул тавин амар. Ингэснээр биеийн хэм буурч, зүрхний цохилт хэвийн болно.
5. Биеийн халууныг түргэн буулгах
Ингэхийн тулд хүйтэн усанд гараа тохойгоо хүртэл дүрэх хэрэгтэй. Учир нь хүний шууны хэсэг биеийн гадаргын багагүй хувийг эзэлдэг.
6. Гэрлээ унтраа
Ер нь зөвхөн гэрэл гэлтгүй цахилгаанаар ажилдаг бүгдийг хэрвээ ашиглаагүй бол цахилгаанаас салгаж байх хэрэгтэй. Тэднээс байнга дулаан ялгарч байдаг.
7. Агаарын урсгалыг зохицуул
Нар луу харсан цонхоо сүүдэрлэх, шөнөөр цонхоо нээж сэрүүн агаар оруулах, өглөө нь халуу шатахаас өмнө цонхоо хаах зэргээр зохицуулж чадвал гэр дэх халууныг бууруулах боломжтой.
Эх сурвалж: livescience.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
