2000 оны зургаа дугаар сард Германчууд Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тулаанаас шалгарч чадалгүй хасагдсан гунигт түүхтэй.
Тэгэхэд Германчууд гурван тоглолтоос дөнгөж ганц гоол хийж, сүүлчийн тоглолт дээрээ Португальд 3:0-ээр бут ниргүүлж байжээ.
Энэ шившигт явдлаас сургамж авсан Германчууд урт хугацаанд тогтвортой ажиллах, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх бодлого явуулж эхэлжээ.
Тиймээс энэ 2014 оны ДАШТ-ий амжилт нь өнгөрсөн 14 жилийн үйл ажиллагааных нь үр дүн гэж хэлэхэд болно.
Германчууд Нидерланд мэтийн хүн ам цөөтэй ч өөрийн өвөрмөц хөлбөмбөгийн сургууль бий болгосон улсуудаас суралцаж эхэлсэн байна.
2001 оны хоёрдугаар сард Бундеслиг топ 18 багтаа заавал хүүхдэд зориулсан хөлбөмбөгийн академитай болохыг шаардаж эхлэв. Эдгээр сургууль нь 12 хүртэл насны хүүхдүүдийг элсүүлж мэргэжлийн тоглогч болгох зорилготой. Сүүлдээ энэ шаардлага Германы топ хоёр дивизионы бүх 36 мэргэжлийн багт тавигдаж эхэлжээ.
Сургуулиуд бүгд байнгын мэргэжлийн дасгалжуулагч багш нартай байх ёстой ба сургалтын үр дүнгээс хамаарч улсаас санхүүжилт авах эрхтэй болно.
Бундеслигийн дүрмээр гурван од бүхий топ академитай клубууд жил бүр 400 мянган долларын нэмэлт санхүүжилт авах ажээ.
Энэ маягаар Германы засгийн газар 2001-2011 онуудад 681 сая доллар залуу хөлбөмбөгчдийг бэлдэхэд зарцуулсан байна.
Үүнтэй зэрэгцээд үндэсний шигшээ багийг зохион байгуулдаг Германы Хөлбөмбөгийн Холбоо мөн ийм сургалтын системийг жилд 13 сая долларын төсөвтэйгээр эхлүүлсэн байна. Одоогоор уг Холбооны үүсгэсэн 366 сургалтын төвүүдэд Герман даяар 25,000 хүүхэд хичээллэж байгаа гэнэ.
Жилээс жилд гаргасан хөрөнгө оруулалт нь үр ашгаа өгч эхэлжээ.
2011-2012 оны Бундеслигийн улирлын тоглолтонд оролцогчдын талаас илүү хувь нь Германы энэхүү сургалтын системээр дамжжээ.
Тоглогчдын нас ч залуужиж дундаж нь 27-оос 25 болсон байна.
Германчуудын амжилт ахиж 2013 оны Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд Борусса Дортмунд, Байерн Мюнхен гэсэн хоёр Герман баг үлджээ.
Өөрөөр хэлбэл Германчууд хөлбөмбөгийн оддыг тасралтгүй үйлдвэрлэдэг хүчирхэг машин бүтээж чаджээ.
Саяны аварга болдог шигшээ багийн одуудын ихэнх нь Бундеслигийн академийг төгсөгчид юм. Тухайлбал Марио Гёце (Борусса Дортмунд), Мэт Хаммелс (Дортмунд), Мануэл Нойер (Шалке), Пер Мертесакер (Ханновер), Тони Кроос (Ханса Росток), Томас Мюллер (Байерн Мюнхен), Месут Өзил (Шалке) гэх мэт.
Аварга болсон 23 тоглогчийн 14 нь 25 хүртэл насны залуус байна.
Тэдний гайхамшиг 2018 оны ДАШТ-д ч үргэлжлэх нь тодорхой.
Тэд бол тохиолдлоор төрсөн ямар нэг “алтан үеийнхэн” биш. Ийм тоглогчдыг Германчууд тасралтгүй үйлдвэрлэх үйлдвэртэй болжээ.
Үүнээс гадна Германчууд өнөөдөр Европын хамгийн спортлог үндэстэн болсон. Хүн амаар Европтоо ОХУ-ын дараа хоёрт ордог (80 гаруй сая) тул шигшээд шалгарах авъяастнуудын тоо хангалттай их байгаа.
Бас Герман орон бол эдийн засгаар Европтоо хамгийн хүчирхэг гүрэн.
Энэ бүх давуу талуудаа хөлбөмбөгийг хөгжүүлэх системтэйгээ хослуулж чадаж байгаа цагт Германчууд хэдэн ч удаа дэлхийд тэргүүлэх боломжтой.
Харин Германчуудын тэргүүлэл дөнгөж эхэлж байгааг санах хэрэгтэй.
Эх сурвалж: businessinsider.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!