Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Балжинням: Хүн дуртай ажлаа хийх их гоё

Б.Азаа, Өдрийн шуудан
2014 оны 6 сарын 24
Өдрийн шуудан
Зураг зураг

Бразилд болж буй ДАШТ-ийг цэнхэр дэлгэцээр шимтэн үзэж буй Монгол фанатуудын төдийгүй хөлбөмбөг сонирхдоггүй хүн ч тайлбарлагч Эрдэнэбатын Балжиннямыг андахгүй.

Тэмцээний хамгийн эхнийх нь Монголын цагаар шөнө дунд эхэлж өглөө болтол үргэлжилж буй тул Балжаа ахын ажлын цаг нь шөнө эхэлж өглөө дуусдаг болжээ. Түүнтэй ярилцлаа.

-Таныг ОХУ-ын шигшээ багийг дэмждэг гэсэн. Таны бодлоор “Ах нар” хэр хол явах вэ?

-Оросууд маань боломжийн хэсэгт орсон болохоор хэсгээсээ гарчих байх. Хэсгээсээ гараад ирэхэд шөвгийн наймын төлөөх тоглолтод хоёр сайн баг хүлээж байгаа. Тийм учраас Орос бол хэсгээсээ гарчихад л болно доо.

-Оросоос гадна өөр баг дэмжиж байгаа юу?

-Бразилийн шигшээ багийг дэмжиж байгаа. Эх оронд нь болж байгаа энэ тэмцээнд бразилууд хамаагүй эрт хожигдож ерөөсөө болохгүй. Мөнгөн медаль ч хэрэггүй. Бразилийн ард түмний зарим хэсэг ДАШТ-д зарж байгаа мөнгөө бидэнд зориул гэж байгаа. Бразил бол ер нь их ядуу орон шүү дээ. Ажил төрөл ч олдохгүй. Голдуу зугаа цэнгээний хотуудтай шиг байгаа юм.

Мөнгөтэй нь зугаацна. Мөнгөгүй нь бол тодорхой. Тэгэхээр ийм их эсэргүүцэлтэй тулж байгаа болохоор энэ тэмцээнийг сайхан зохион байгуулаад, дээр нь өөрсдөө түрүүлчих юм бол дараа нь ямар нэгэн муу үр дагавар гарахгүй байх.

-Дэлхийн болон Европын аварга Испанийн шигшээ энэ жил хэсгээсээ ч гарч чадсангүй. Үнэхээр тааруу байсан уу?

-Хөлбөмбөгийн багийн ноёрхол таваас зургаан жил л байдаг юм. Далаад оны үед аваргуудын лигт Голландын “Аякс” гурван жил дараалан түрүүлж байлаа. Германд “Бавари Мюнхен” мундаг байлаа. 1980-аад оны сүүлээс 1990-ээд оны эхэн хүртэл “Милан” клубийн ноёрхол гарч ирсэн. Ингээд зохих хугацааны дараа дууссан.

Испанийн эрин үе 2008 оноос эхэлж зургаан жил сайхан байлаа. Ингээд дуусах учир ерөөлтэй байсан юм байна. Дуусахаас ч аргагүй, манай хөгжөөн дэмжигчид уйдаж эхэлсэн. Аливаа юм цаг хугацаатай байдаг. Испани хожигдсонд гайхаад харамсаад байх юм ерөөсөө алга. Ийм л байна.

-Та 2006 оноос хөлбөмбөг тайлбарлаж байгаа гэсэн. Хэн танд анх энэ ажлыг санал болгов?

-Тэр үед би Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуульд багшилж байв. Оюутны нэг ангийн залуу залгаад утастаад “TV-9 телевизэд тайлбарлагч хэрэгтэй гэнэ. Чи очиж уулзаач” гэсэн. Би ядаж ганц удаа зурагтаар гарахыг мөрөөддөг байлаа. Маш олон тэмдэглэлийн дэвтрээ үзүүлж, Монголд ийм фанат байдаг гэдгийг харуулъя гэдэг мөрөөдөл их олон жил намайг эзэмдсэн дээ. Тэгээд боломж олдож буй ч юм билүү гэж бодоод TV-9 телевиз рүү очсон.

Анх очихдоо утасдаад “Би ийм нэг хөлбөмбөгийн фанат байгаа юм аа. Танай телевиз руу орох гэсэн юм. Хаалгыг чинь олохгүй байна” гэж утастахад өнөөдөр надтай хамт ажиллаж байгаа ETV телевизийн спортын мэдээллийн албаны дарга Т.Ганзул гэдэг охин гарч ирж намайг авч байлаа. Тэрнээс хойш он тооллоор бол найман жил, хөлбөмбөгийн улирлаар бол есөн жил тайлбарлаж байна.

-Анх эфирт гарахад сандарч байв уу?

-Би багш нарын баяр, арга хэмжээ хөтөлдөг байсан учраас их сандарч байсангүй. Урдаас нэг хар камер харж байлаа. Тэр ямар амьтай юм биш юуг нь сандрах вэ дээ. Харин одоо 100 гаруй хүний өмнө микрофон бариад гарахад сандраад гар чичрээд байдаг болчихож. Дандаа камертай харьцсаар байгаад сурчихдаг юм байна. Ах нь камерын улаан гэрэл асахад цусанд юм ялгараад, арай өөр Балжинням болоод, нууж хаана, ичнэ зовно ч гэж байхгүй болдог.

-Тайлбарлагчийн хувьд танд үзэгчид анх ямар үнэлгээ өгч байсан бэ?

-Танин мэдэхүй гайхахаас эхэлнэ гэж үг байдаг юм. Намайг сонсоод гайхаж байлаа. Галзуу юм уу, солиотой юм уу гэж. Тэгээд хэдэн өдөр сонсч байгаад хөлбөмбөгийн мөн чанарыг танин мэдэж эхэлсэн. ДАШТ-ий дараа том од болчихсон сүрхий амьтан. Ханын материалын есдүгээр сургууль руу очлоо. Тэндхийн багш нарын гэр сургуулиа тойроод ойрхон. Тэгээд Алтанчулуу гээд найзындаа орлоо. Тэнд Архайнгайнхан цуглачихсан наадамлаад, хоорондоо юм яриад сууж байв. Тэд намайг хараад ямар таних биш. Намайг танилцууллаа. Тэгсэн “Хөөх чи сая cap дэлхийн аварга тайлбарласан залуу мөн үү” гээд нэг нь надад нэг юм ярилаа.

Архангайд нэг өвгөн намайг ярихаар л энэ нэг муухай сөөнгө хоолойтой, уйлганасан юмыг болиул гээд ТВ-5, С-1 үздэг байж гэнэ. Хүүхдүүд нь гурав хоног аймгийн төв явчихаад ирсэн чинь нөгөө өвгөн TV-9 үзчихсэн сууж байна гэнэ.

Та чинь яав дургүй хүнээ үзээд гэсэн чинь өвгөн “Энэ залууг тэвчээртэй сонсвол юм хэлж байна. Бусад нь ч худлаа юм байна” гэсэн юм билээ. Ер нь магтаал, зэмлэл хоёрын хувьд бол магтаалыг нь арай илүү сонссон болов уу. Намайг муу байна энэ тэр гэж хэлдэг амьтан байсангүй. Ямар одоогийнх шиг фэйсбүүкээр дурын бацаан хүн шүүмжлээд байх юм биш. Надтай тааралдсан болгон нь болж байна гэж урам өгдөг байлаа.

-Та өөрийнхөө тайлбарыг сонсоод засч залруулах ч юм уу зүйл гардаг уу?

-Би өөрийгөө стандарт хоолойтой гэж боддог байв. Анх дөрөв таван өдөр тайлбарлачихаад, ТВ9 телевиз дотор явж байсан чинь нэг өрөөнөөс таньдаг ч юм шиг хачин муухай сөөнгө хоолойтой нөхөр сонсогдож байна аа. Тэгээд би энэ өрөөнд юу болдог юм гээд хүнээс асуусан чинь "Энэ архивын өрөө байгаа юм. Таны тайлбарласан тоглолтуудыг DVD-нд буулгаад архивлаж байна" гэж байна.

Би яваад орлоо. Тэгсэн чинь ёстой нэг авч байна. Аягүй удаан ярьж байна, аягүй муухай сөөнгө хоолойтой юм. Тэгж л би анх ерөөсөө хурдан ярих хэрэгтэй, заримдаа хоолойгоо баргил болгох тал дээр анхаарч, тэмцээний эхлэл төгсгөлд хиймэл хоолойгоор ярих хэрэгтэй юм байна гэж дүн шинжилгээ хийсэн.

-Найман жил хөлбөмбөг тайлбарласан байна. Энэ хугацаанд танд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Хэрэв би багшилж байсан бол алдах юмгүй учраас адгийн наад зах нь архийг үргэлжлүүлэн ууж байх байлаа. Тайлбарлагч болоод эхний дөрвөн жил нь архи уусан. Одоо ер нь больё. Энэ архи ямар ч хэрэггүй юм байна, надад садаа болоод байна гэж гурав дахь жилээс нь бодогдоод эхэлсэн л дээ. Салж чадахгүй явсаар авто осол хийгээд хаширсан. Одоо л яг больдог цаг нь ирлээ. Намайг бурхан боль гэж байгаа юм байна гээд больсон. Архинаас гарангуут өөрчлөлтүүд маш хурдан мэдрэгдээд эхэлсэн. Ууж байх үедээ “Би эрүүл байлаа гээд юу өөрчлөгдөх юм бэ? ” гэж боддог байв.

Гэтэл эрүүл хүнд нийгэм шал өөр ханддагийг ойлгож авсан. Танай сонины уншигчдад хандаж хэлэхэд хөлбөмбөг сонирхдог ч бай, үгүй ч бай үүнийг ойлгож авмаар юм байна билээ. Насан туршдаа үүнийг бодож байх хэрэгтэй. Согтуу унтлаа гэхэд маргааш өглөөний ажлын бүтээмж, хүнд харагдах байдал, сэтгэл санаа, гэр орны уур амьсгал ямар байх вэ. Эрүүл унтах баярын орой гэж далимдуулаад согтуу унтах хоёр өөр. Маргааш өглөө нь хоёр өөр хүн орноос босч ирдэг юм байна л даа. Тайлбарлаж эхэлж байхдаа би Ханын материалд бараг л айлын хашаанд амьдардаг байлаа.

-Одоо бол амьдрал дээшилсэн, авдаг цалин мөнгө ч өөрчлөгдсөн гэж ойлгож болох уу?

-Би сүрхий цалин мөнгө авдаггүй. Уржигдар орой гэхэд “Ноён Пицца”-гийхан нэг рекламанд тоглоод өгөөч гээд байхаар нь хэдэн юм хэлээд өгсөн чинь "гэрийнхнийхээ утсыг өг, гэрт чинь сюрприз барина” гэсэн. Хүрээд ирсэн чинь нэг пицца л тавьчихсан байна билээ. Хэдэн саяыг авсан л гэж хүн боддог байх. Сая л гэхэд нэг паб хөлбөмбөг үзүүлэх гэсэн юм, хоолой уншаад өгөөч маргааш тооцоог нь хийе гэж байна. Бодвол маргааш арван шил пиво өгөх гэж байгаа юм байлгүй. Монголчууд надтай нэг иймэрхүү л харилцдаг.

Цалингийн хувьд багшилж байх үеийн таваас зургаан зуун мянгыг хоёр нугалаад сая төгрөг авахад сэтгэл санаа хүртэл янзын. Хүн дуртай ажлаа хийх бүр гоё. Ямар ч стресс байхгүй. Багшилж байхдаа мөнхийн стресстэй байсан. Эцэг эх, жижүүр багш, хичээлийн эрхлэгч, захирлаас айна. Ангийн хүүхдүүдийн өмнөөс хүн болгонд загнуулна. Одоо телевиз дээр хүнд загнуулна, хүн харж гөлөлзөнө энэ тэр гэсэн ойлголт байхгүй. Иймэрхүү л өөрчлөлтүүд байна даа

-Бусад тайлбарлагчтайгаа хэр их уулзаж, санал бодлоо солилцдог вэ?

-Сайхан асуулт байна. SPS телевизийн тайлбарлагч Х.Амгалан, Л.Оюун-Од хоёртоо өөрийнхөө туршлагаас харамгүй хэлж өгч байгаа. Д.Энхбаяртайгаа ярилцдаг. Өнгөрсөн 2013-2014 оны хөлбөмбөгийн улирал ямар гоё байв аа.

Захирлуудын амласан цалин цаг цагтаа буугаад л, хамт ажиллаж байгаа залуучууд нь “Балжаа ахаа яах вэ” гээд л... Хоёрын хооронд амбицтай, багаасаа өтлөчихсөн юмнууд бол биш. Энэ гурван тайлбарлагчийгаа санаж байна шүү. Бусад тайлбарлагч нар Балжаа ахаа гээд хүрээд ирэхэд сайхан хэлж өгнө.

-Үзэгчдээс ирж буй магтаал, шүүмжлэлүүдийг яаж хүлээж авдаг вэ?

-Магтаал ёстой сайхан. Хүнд ер нь хэзээ ч илүүддэггүй. Магтуулчихаад тайлбарт орох өөр шүү. Шүүмжлэлийн хувьд хэн шүүмжлээд байгаа юм бэ гэдгийг нь харах дуртай. Найм, есдүгээр ангийн хүүхдүүд олон юм ярих юм бол би сонсохыг ч хүсдэггүй. Хэнээс шүүмжлэл сонсох вэ гэхээр магтаж байгаад эвтэйхэн шүүмжилдэг, аливаа нэг юмны голыг нь олоод хэлчихдэг, хэлсэн үг нь голд ордог хүнээс шүүмж сонсоно.

Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны байцаагч А.Батдорж гэж дөчин хэдэн жил үерхэж байгаа намайг мөнхийн шүүмжлэгч найз минь байдаг юм. Тэр сая над руу ярилаа. Тэгээд “Хүний шүлэгнээс хулгайлсан юмаа битгий унш. Тэр чинь 80 хувьд нь таалагдлаа гэхэд 20 хувийнх дургүйг хүргэнэ. Тийм учраас өөрийнхөө бодож байгаад эвлүүлсэн дөрвөн мөртөөсөө хааяа нэг унш.

Би дэлхийн аварга эхэлснээс хойш танай тайлбарлагч нарын багийг харж байна. Чиний байдал арай өөр, илүү юм. Яагаад гэхээр эхлэл төгсгөлийг мэдэрдэг, цэнгэлдэхийн алсын зураглал гарч ирэхэд чи дөрвөн мөрт уншиж байгаа нь гоё. Тайлбарын явцад түүх яриад, хөрвөх чадварын хувьд их дажгүй болсон байна. Ойрд чиний тайлбарыг сонсоогүй байсан юм” гэж магтахад их баярласан.

-Та хамгийн анх ДАШТ-ий ямар тоглолт үзэж байсан бэ?

-1982 оны ДАШТ-ийг учрыг нь ойлгохгүй л үзэж байлаа. Тэр үед гардаг ганц суваг нь Орос. Оросын сувгаар ДАШТ гарна. Анхны тоглолт гэвэл “Алманиа” гэдэг багийн тоглолт байсан. Ямар ч хэлээр юм бүү мэд. Ойрхоноор нь химийн хичээл дээр үзсэн Алюминум гэдэг үг орж ирж байгаа юм.

Химийн багшаасаа асуулаа. Мэдэхгүй ээ л гэнэ. Одоо бодоход испаничууд Германыг алманиа гэдэг юм байна. Тэгэхээр Германы тоглолтыг л үзсэн болж таараад байгаа юм. Тэр цагаас хойш одоог хүртэл тасралтгүй гурван арван дамнан хөлбөмбөг үзэж байна даа.

-Та анх ТВ9-д, дараа нь С1-д, харин одоо SPS болон ETV-д ажиллаж байна. Аль телевиз таны сэтгэлд илүү ойр байдаг вэ?

-Ер нь анхны юм мартагддаггүй тиймээс ТВ9 юм даа. Одоо ETV телевизэд хуучин TV-9-ийн багийнхантай ажиллаж байна. Анхны тайлбарт TV-9 телевиз үзүүлж байна гээд хэлчих гээд хэцүү байсан, одоо харин гайгүй шүү. SPS-д өнгөрсөн жил тайлбарласан. Шөнө гурван цагаас тоглолттой байхад би орой 19:00 гээд гэрээсээ гардаг. Гэрийнхэн эрт очиж яах гэсэн юм гээд уурладаг. Ажил дээрээ очоод бусад тайлбарлагчидтайгаа цаг үеийн байдал, эдийн засаг гээд бүх сэдвийг хөндөж ярилцахад цаг хурдан өнгөрдөг.

-Жилийн өмнө Английн Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтыг үзэхдээ. Бразилийн шиг-шээ багийн дасгалжуулагч Луйс Фелипе Сколари, “Манчестер Юнай-тед”-ын амьд домог Сэр Алекс Ферпосон нартай хамт зургаа авахуулсныг тань үзсэн?

-Тэр бас сонин түүх. Цагаан сарын дараа ээж маань ламд очиж засал хийлгэсэн чинь “Танай хүү хол явах нь, одооноос бичиг баримтыг нь зэх” л гэж. С1-ийн Спортын албаны дарга байсан С.Бадрал бид хоёр өвөл нь мөнгө энээ тэрээ олж байгаад Англи явъя гэж ярьж байсан. Тэр бүтэх нь гэж бодоод гадаад паспортаа гаргаад хартал хугацаа нь дуусч байна. Юмыг яаж мэдэх вэ гээд сунгуулчихлаа. Т

Тэгсэн дөрөвдүгээр сард нь “Heineken” компанийнхан Монголын шилдэг хөлбөмбөг тайлбарлагчийг интернэт санал асуулгаар шалгаруулж “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтыг үзүүлэхээр болсон тухай мэдэгдсэн юм.

Ээжид “Нөгөө ламын хэлсэн нь энэ л байна даа” гэж хэлсэн дээ. Ах дүү хамаатан садан, найз нөхөд, миний тайлбарыг сонсох дуртай хүмүүс болон хуучин ажиллаж байсан 104 дүгээр сургуулийнхандаа надад санал өгөөрэй гэж уриаллаа. Тэгээд л ниссэн дээ. “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд очиход “Heineken”-ы шугамаар очиж байгаа хүмүүсийг тусгай VIP хаалгаар орууллаа. Үүдэнд явж байтал “Хажууд чинь Сэр Алекс Фергюсон байна” гэж “Heineken”-ы төлөөлөгч залуу хэлэв.

Эргээд хартал гэгээн дүрээрээ. Хүн хүлээж байгаа бололтой. Би ч гараа сунгаад ганц мэддэг “I’m from Mongolia” гэдгээ хэллээ. Мань хүн ч хэн гараас нь атгаад авав гээд нүүр лүү минь хартал цаанаас нь хамгаалагч ирээд “Тэнд байна” гэж байгаа бололтой нэг юм хэлээд дагуулаад явсан. Тэгж л цуг зургаа авхуулсан. Дараа нь “Уэмбли” цэнгэлдэхэд “Heineken”-ий хүлээн авалтад орлоо. Би ч ногоон талбайгаа харах гээд байж сууж чадахгүй байсан. Ашгүй хүлээн авалт нь дуусч үзэгчдийн суудал руугаа явлаа.

Тэгтэл урдаас хоёр багийн 90 мянган хөгжөөн дэмжигчдийн уухайн дуу хадаад, зүрхэнд нэг юм огшоод ирсэн. Суудлын хэсэгт ортол Сербийн алдарт дасгалжуулагч Бора Милутинович урдаа хөлтэй зургийн аппарат тавьчихсан ганцаархнаа бичлэг хийгээд сууж байв. Суудалдаа суулаа. Т

эгээд тоглолт үзэж чадаагүй ээ. Яагаад гэхээр яг ард Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Луйс Фелипе Сколари суучихсан. Хойшоо арван минут харна, “Боруссиа Дортмунд”-ын фэнүүд рүү арван минут харна. Бас “Бавари”-гийн фанат руу арван минут харна ингэж суугаа хүн яаж үзэх вэ дээ. Гоол орсныг л осолдолгүй харсан. Хөлбөмбөгчид чинь тэндээс танигдах ч үгүй юм билээ / инээв/.

-Өнгөрсөн улиралд та Английн “Премьер лиг”-ийг тайлбарласан. Энэ нь та нэг улсын липшг анх удаагаа тайлбарласан тохиолдол байх аа?

-Тийм ээ. Эхэндээ тоглогчдыг танихгүй баларсан шүү. Би дандаа “Английн хөгжмийн зохиолч Тони Брайттен зохиож, хатан хааны симфони оркестр хөгжимдсөн” гээд “Аваргуудын лиг”-ийг тайлбарладаг хүн чинь “Кардифф Сити”, “ Суонси Сити” хоёрыг тайлбарлахаар мэдэхгүй шүү дээ. Энэ хоёр хүснэгтийн хэдэд яваа юм бэ гэхээр “18-19-д” яваа л гэнэ. “Од хүн хэн байна” гэсэн “Байхгүй ээ. Ульфрид Бони гэж тоглогч гайгүй байгаа, за тайлбартаа ор ор” гээд оруулчихна. Эхний хоёр долоо хоногийн тайлбар ёстой уучлаарай байсан. Би “Энэ жил надаар 20 баг битгий тайлбарлуулаарай. Зургаа долоон багийг л тогтмол өгчих. Бага багаар нь танилцъя” гэсэн.

Тэгээд  "Тоттенхэм”, “Эвертон”, “Манчестер Юнайтед” зэрэг хэдхэн тооны багийг эргэлдэж тайлбарласан. Нэг лигийг тайлбарлана гэж хэцүү юм байна билээ. Миний дэргэд тайлбарлагч Б.Батзаяа лигтээ жинхэнэ мэргэжилтэн шүү. SPS-т миний албан тушаал бол “Аваргуудын лиг”-ийн тайлбарлагч, “Премьер лиг”-ийн туслах тайлбарлагч юм. “Премьер лиг” бол Б.Батзаяагийн мэдлийнх. “Аваргуудын лиг” минийх. Бид хоёр Х.Амгалан, Л.Оюун-Од, Д.Энхбаяр нартайгаа хамтарч тайлбарладаг.

-Хамт тайлбарлахад хамгийн нийцдэг нь хэн бэ?

-Ер нь бүгдээрээ гайгүй шүү дээ. Хэн нэгэн тайлбарлагчаас халгаад байх юм байхгүй. Ялангуяа Х.Амгалан, Л.Оюун-Од хоёртойгоо ороход тактик боловсруулж ордог. “Ах нь бол энэ тойрог тийм, дараагийн тойрог ийм, тоглогчид ингэнэ тэгнэ гэсэн юм ярина. Та хоёр бол бөмбөгөө хараад тайлбарла” гэдэг дээ. Одоо бол “Өдрийн шуудан” сонины Д.Нанжидтай хамт ДАШТ тайлбарлаж байна.

Д.Нанжид маань судалгаа статистик дээр их сууж ажилладаг. Яг судалж байгаа хүний хажууд юм ярихдаа итгэлгүй болдог юм шиг ээ. Нэг юм хэлчихээд хажуу тийшээ харах нь л холгүй. Жишээ нь, нэг тоглолтод би Оросын сайтаас нэг статистик хараад ярьсан. Гэтэл Д.Нанжидын статистиктэй зөрж л байна билээ. Тэгэхээр нь би Д.Нанжидын зөв гээд явах жишээтэй. Түүнтэй хамт тайлбарлахад зүгээр шүү.

-Монголын хөлбөмбөг рүү яриагаа жаахан хандуулья. Та Монголын хөлбөмбөгийн холбоонд нэг хэсэг ажилласан билүү?

-Би Хөлбөмбөгийн холбоондоо их баярлаж явдаг. МХБХ-ын ерөнхийлөгч Буяннэмэхийн Ганболд 2006 онд ДАШТ тайлбарласны дараа “Балжаагаа шагнанаа, хөлбөмбөгийг Монгол даяар сайхан сурталчилж өглөө” гээд Монголын хөлбөмбөгийн шигшээ багтай Макаод 14 хоног, хүүхдийн шигшээ багтай Бээжинд 10 хоног явуулсан.

Намайг өнөөдөр үнэгүйгээр Толгойт хүргээд өгдөг такси байхгүй. Тэгэхэд тэр хүн намайг багийн бүрэлдэхүүнд оруулж явуулсан. Тайлбарлагч болсноос минь хойш нүдэн дээр Монголын хөлбөмбөгийн бүтээн байгуулалт өргөжин дээшилж байна. Энэ бол Б.Ганболд даргын хүч.

-Таныг хүмүүс дарш магтлаа гэж бодох байхдаа?

-Хүмүүс намайг бялдуучиллаа гэж магадгүй. Үнэн гэвэл Э.Балжинням Б.Ганболд даргын оронд байсан бол Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос тэр төслүүдийг авч чадахгүй. Танай сониноор дамжуулан хэлэхэд хүмүүс Б.Ганболдыг болиулчихвал амьдрал сайхан болчих гээд байгаа юм шиг ярих юм. Энэ хүн чинь 1997 оноос хойш танилцаж наана цаана нь орж явсны хүчинд 2007 оноос хойш эдгээр төслүүд орж ирж байн

Одоо Монгол бүтцийн өөрчлөлт хийгээд өөр дарга сонгочих юм бол шинэ хүн нь учраа олтол дахиад арван жил хоосон сууна гэсэн үг. Сайхан ордонтой боллоо, сайхан талбайтай боллоо гэж ярьдаг байсан бол одоо талбай тойроод суудал бариад цэнгэлдэхтэй болчихлоо. Өөр яах юм. Би Монголын хөлбөмбөгийг бүтээн байгуулалтын шатандаа яваа гэж боддог. Тэр бүтээн байгуулалтын ажлаа сайн хийж байгаа. Хөлбөмбөгийн холбоонд ажиллаж байгаа нөхөд ч Б.Ганболд даргын нүүрээр гадаадад ажил бүтдэг гэж ярьдаг юм шүү.

-Таны хүндэлдэг Монголын хөлбөмбөгч хэн бэ?

-Би Д.Лүмбэнгаравыгаа хүндэлдэг. Миний Д.Лүмбэнгарав бол үг дуу цөөтэй, илүү дутуу зангүй. Багийн ахлагч хийнэ, шигшээ багийн арын хамгаалалтад тоглодог. Монголын шигшээ багийн хамгаалалтад тоглоно гэдэг ачааны хүндийг нуруун дээрээ үүрнэ гэсэн үг. 90 минутын тоглолт Монголын талбай дээр болдог. Лүмбээ л тэнд ёстой алалцдаг гэж хэлж болно. Тийм болохоор би Лүмбээдээ хайртай.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Зураг