Ерөнхий сайд Н.Алтанхуяг Женевт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сарын 9, 10-ны өдрүүдэд Женев хотноо болж буй Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 103 дугаар чуулганд оролцож байна. Тэрбээр Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/-ын Ерөнхий захирал ноён Гайя Райдерын урилгаар явсан байна.
Монгол Улс 1968 онд Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын бага хуралд анх удаа ийнхүү дээд түвшинд оролцож байгаа юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр ОУХБ-аас ”Ажилтай хөгжил дэвшил: Хөдөлмөр эрхлэлт-2014” сэдвийн дор зохион явуулж буй дэлхийн дээд хэмжээний уулзалтад үг хэлсэн байна.
Дээд хэмжээний уулзалтад дэлхийн 156 орны Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч нар гээд нийт 3000 гаруй хүн оролцож байна.
Тэрбээр хэлсэн үгэндээ "Монгол Улсын Засгийн газар зохистой, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай олон улсын хамтын нийгэмлэгийн тавьж буй зорилт, хүчин чармайлтад нэгдэн Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар 2021 он хүртэл баримтлах бодлогыг ОУХБ-ын Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлж УИХ-д өргөн барьсныг онцлоод, “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр, мөн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар багатай иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах зорилгоор,
- “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”
- “Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх” зэрэг төсөл, дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буй" гэжээ.
Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын шинэчлэлийн хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа болон жижиг дунд үйлдвэр, хоршоо, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг бий болгосныг мэдээлсэн байна.
Дээрх дээд хэмжээний уулзалтад дэлхийн 156 орны Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч нар гээд нийт 3000 гаруй хүн оролцож байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

