Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн төрсөн өдөр маргааш болно. Тэрбээр 50 нас хүрэх юм байна.
Уламжлал ёсоор УИХ-ын дарга З.Энхболд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх сайн сайхныг хүслээ. Маргааш амралтын өдөр учраас өнөөдөр мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Харин аварга өөрөө төрсөн өдрөө мартчихсан сууж байсан гэнэ. Энэ тухай цахим хуудсандаа бичжээ.
Товч намтар
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн магистрын зэрэгтэй. 1983-2000 онд Биеийн тамир спортын *Хүч* нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.
2004 оноос хойш 3 дах удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Орос, англи хэлтэй.
Гавъяа шагналууд:
- 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин
- 1990 онд Монгол Улсын дархан аварга
- 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль
- 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
- 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль,
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан
- 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан болжээ.
Үндэсний бөхийн амжилтууд:
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын баяр наадамд нийтдээ 186 давсан ба 12 удаа түрүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|