Өвдөлт намдаах, халуун бууруулах зорилгоор бид хамгийн түрүүнд парацетамолыг өргөн хэрэглэдэг. Гэтэл жоргүй олгодог, замбараагүй хэрэглэдэг энэ эмнээс болж, сүүлийн үед хордлогод орох хүүхдүүдийн тоо өсчээ.
Энэ тухай Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Т.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Эмийн замбараагүй хэрэглээ, эцэг, эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж, сүүлийн үед танай эмнэлэгт эм болон элдэв бодист хордсон хүүхдүүд цөөнгүй ирж байгаа гэж сонссон. Энэ мэдээллээр ярилцлагаа эхэлье?
-Хүүхдүүдийн уугаад хордож байгаа эмүүдийн төрөл янз бүр байна. Он гарснаас хойш нэг нас хоёр сартай хүүхдэд эмчийн зөвлөгөө авалгүй халуурах бүрт хоёр хоногийн турш халуун бууруулах эм уулгаж, шулуун гэдсээр нь лаа хийж эмийн тун хэтрэн элэгний дутагдалд орж, нас барсан тохиолдол байгаа. Мөн малаа халдвараас сэргийлэх “крелин” гэдэг бодисыг малдаа шүршээд ундааны саванд дахь үлдэгдлийг хаясан байсныг хоёр настай хүүхэд олж уугаад, хордож ирсэн тохиолдол бий. Хүүхдийн бие маш хүнд ирээд одоо сайжирсан.
Мөн арван настай хүүхэд ундааны саванд хийсэн “тосоол” гэдэг бодис уугаад маш хүнд байдалтай ирсэн. Энэ хүүхэд бөөрний дутагдалд орж арав хоног эмчлэгдээд сайжирсан. Түүнчлэн 11 настай хүүхэд “Хлорофилл жидкий” гэдэг бодисыг ууж гүн хордлогод орж олон эрхтний дутагдлаар нас барсан. Энэ нь “Nature Sunshine” гэдэг сүлжээний эм ба харшлын эмчилгээнд хэрэглэх гэж уг хүүхдэд өгч байсан юм билээ. Түүнчлэн зуны цагт чихэрлэг түрхэцтэй ялааны хор долоосноос хүүхдүүд их хордож ирдэг.
-Таагүй мэдээлэл байна. Ямартай ч энэ мэдээлэл эцэг, эхчүүдэд нэгийг бодогдуулсан байх. Өсвөр насныхан дунд санаатайгаар эм ууж, амиа хорлох гэж оролдох, ээж аавыгаа айлгах гэж эм уух тохиолдол байдаг гэж байсан?
-Өсвөр насны хүүхдүүд хэн нэгэнтэй маргалдах, гомдох, тунирхах зэргээр санаатайгаар эм ууж ирэх тохиолдол цөөнгүй байна. Ингэхдээ уналт таталтын эсрэг, тайвшруулах, даралт буулгах эмийг тунг нь хэтрүүлэн ууж ирдэг. Харин бага насны хүүхдүүд эцэг эхийнхээ болгоомжгүй байдлаас болж, гэрт байсан эмийг нэг дор бөөнөөр нь идэх тохиолдол их гардаг. Эдгээр эмнээс төмрийн бэлдмэл үхэлд хүргэх аюултай бодис агуулсан эм байдаг. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийн уудаг эмээ хүүхэд хүрэх, ил задгай газар тавихгүй байх хэрэгтэй. Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд байнга анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
-Нүднээс далд уучихсан эмийг мэдэхгүй, анзаарахгүй байх тохиолдол бий. Энэ үед хүүхдийн биед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Хордлогын бүх шинж тэмдгүүд илэрнэ. Ямар ч шинж тэмдэг илрэхгүй, биед өөрчлөлт орохгүй 1-2 хонох тохиолдол байдаг. Юуны түрүүнд, бөөлжинө, суулгана, гэдэс ходоодоор өвдөж, тархи толгой нь эргэж, ухаан алдах, цус алдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн тухайн эм ямар үйлчилгээтэй вэ гэдгээс шалтгаалан биед гарах өөрчлөлт нь янз бүр байдаг.
-Та түрүүнд яриандаа дурьдсан. Халуун бууруулах үйлчилгээтэй парацетамол эмийг эмчийн зааваргүйгээр ууснаас болж, хүүхдүүд хордож ирэх болсон гэж. Ер нь энэ эмийг ямар тунгаар уух ёстой вэ?
-Парацетамол бол халуун бууруулах, өвдөлт намдаах үйлчилгээтэй эм. Дээрээс нь энэ эмийг жоргүй олгодог, өргөн хэрэглээний эм гэж ойлгож болно. Тиймээс энэ эмийг хэрэглэхдээ хортой нөлөөг анхаарах нь чухал. Парацетамолыг хоногт дөрвөн граммаас их тунгаар хэрэглэхэд элэг, бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд эсийг гэмтээж, хэм алдагдалд хүргэх зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдэгийг судлаачид тогтоосон байдаг.
Тиймээс хүүхдэд өгөхдөө заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Гэтэл манайхан эмийн санчаас асуугаад хүүхэддээ дур мэдэн уулгачихдаг. Угтаа бол эмийн санч эм олгох үүрэгтэй болохоос биш, хүний зовиур шаналгааг асуугаад өөрөө дур мэдэж эм өгөх ёсгүй. Үүнээс болоод эмийн замбараагүй хэрэглээ бий болдог. Эргээд тухайн хүүхэд эмэнд дасалтай болох, дархлаа сулраад зогсохгүй эмийн хордлогод орох магадлалтай байдаг.
-Хүүхдийн халууныг буулгах зорилгоор зарим үед шулуун гэдсээр нь парацетамолын хольцтой лаа хийдэг. Ер нь энэ лаа, парацетамол хоёр хоорондоо ямар ялгаатай юм бэ?
-Энэ хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй. Парацетамолыг ямар тунгаар өгнө, лааг бас тэр тунгаар хэрэглэнэ гэсэн үг. Хамгийн гол нь тухайн эмийг худалдан авахдаа тухайн эмийн хайрцаг дээрх хугацаа, хэрэглэх заавар, найрлагыг сайтар уншиж танилцах нь чухал. Парацетамол агуулсан эм хэрэглэвэл ижил найрлагатай өөр эмийг давхардуулан хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Үүнээс гадна хориглох заалт, хэрэглэх аргын талаар тодорхой мэдээлэл авч өөрийн биед тохирох эсэхийг судалсны дараа хэрэглэх дэглэм, тунг нарийн баримтлах шаардлагатай. Ялангуяа хүүхдэд парацетамолтой бэлдмэлийг өгөхдөө эмчээс зөвлөгөө авч тунг нь нарийн тогтоолгох шаардлагатай.
-Ер нь танай эмнэлэгт хэд орчим насны хүүхдүүд эмийн хордлогод орж ирдэг вэ?
-Бүх насны хүүхдүүд ирдэг. Хөхөө хөхдөг нярай, тав хүртэлх насны хүүхэд, өсвөр насныхан гээд бүгд эмийн тунг хэтрүүлж ирдэг. Тиймээс ямар ч тохиолдолд эмчээс асуухгүйгээр халуун буулгах, өвчин намдаах эм, даралт буулгах болон цус төлжүүлэх, элэг хамгаалах эмийг зааваргүйгээр ууж хэрхэвч болохгүй гэдгийг дахин анхааруулъя.
-Парацетамолыг хэрэглэхээ больчихсон гэж зарим хүн яриад байгаа. Энэ үнэн үү?
-Үгүй. Дэлхий нийтээр хамгийн нэгдүгээрт антибиотик дундаас парацетамолыг хэрэглэж байгаа. Гэхдээ хэрэглэх тунг нь урьдынхаас хоёр дахин багасгаж хэрэглэхийг анхааруулж байгаа. Тухайлбал, АНУ, Энэтхэг зэрэг оронд “парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элгийг гэмтээх аюултай” гэсэн анхааруулгыг эмийн шошго дээр заавал бичихийг шаардаж байгаа.
-Гэрийн нөхцөлд эм, антибиотик хэрэглэхгүйгээр халуун буулгах ямар арга байдаг вэ. Манайхан шууд л дасал болсон зангаараа парацетамолоо ууж эхэлдэг?
-Халуун буулгах олон арга бий. Тухайлбал, хүүхдэд хүйтэн жин тавьж, шингэн зүйл уулгаж болно. Эм уулгах бол заавал эмчийн заавраар хэрэглэнэ. Түргэн тусламжийн 103 төвөөс асуугаад эмчээс зөвлөгөө авч болно. Болж өгвөл халууны эм уулгахгүй байх хэрэгтэй. Хүүхдэд татах, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илрэхгүй л бол эм өгч болохгүй. Халуураад татаж унах, зүрх судасны өвчтэй, саажилттай, бага зэргийн халууныг дааж чадахгүй өвдөөд хэвтчихдэг хүүхдүүд байхад 39-н хэм хүртэл халуурчихаад зүгээр гүйж харайгаад, тоглоод явдаг хүүхдүүд байдаг.
Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ биеийн онцлогийг сайн мэддэг байх ёстой. Мөн мэргэжлийн эмч нарт үзүүлж, зөвлөгөө авч байх нь чухал. Харин гурваас дээш хоног тасралтгүй халуурсан тохиолдолд эмчийн заавраар антибиотик хэрэглэх нь зүйтэй. 38 хэм халуурч байсан хүүхдийн халууныг 37 хүртэл буулгачихаад заавал 36.5 болгох гээд зүтгээд, эм уулгах гээд байх шаардлага байхгүй. Нэг градусаар халуун буучихсан байхад амжилт олно гэсэн үг. Түүнээс биш хэвийн болгох гээд 30 минутын зайтай ар араас нь эм өгөөд байж болохгүй.
-Эмийн хордлогод орсон хүүхдүүд ихэвчлэн хүндэрсэн хойноо ирдэг гэж сонссон. Энэ нь эцэг эхчүүдийг хараа хяналт сул байгаагаас болж байна уу?
-Хордлогын байдлаас шалтгаалж байна. Хэт хүчтэй хордсон бол ганцхан цагийн дотор авчирч эмчлүүлж байна. Бас 2-3 хоногийн дараа илэрдэг хор ч байдаг. Тиймээс урьдчилан таах аргагүй. Цууны хүчил гэх мэт эмийн эмчилгээнээс гадна мэс заслын эмчилгээг яаралтай хийлгэх шаардлагатай хортой бодис ч байна. Ийм хордолтоос болж насан туршдаа тахир дутуу болох тохиолдол байдаг.
-Ярилцлагынхаа төгсгөлд эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөгөө авъя?
-Эцэг, эхчүүдэд анхааруулж хэлэх хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, өсвөр насны хүүхэдтэйгээ зөв харьцаж, ойлголцох, хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах хэрэгтэй байна. Мөн элдэв хорт бодисыг ундааны саванд хадгалахгүй байх, хадгалсан ч сайн бөглөөд, хаяг наагаад, хүүхэд хүрэхгүй газар байлгах ёстой.
Хоёрдугаарт, аливаа эмийг хэрэглэхийн өмнө ямар тунгаар хэд хоног хэрэглэхийг нь эмчээс заавал асуух хэрэгтэй. Гуравдугаарт, сүлжээний эмүүд болон биологийн идэвхит бэлдмэлүүдийг бага насны хүүхдэд өгч болохгүй. Эцэст нь хэлэхэд хүүхэд биетэй, саруул ухаантай төрөөд болгоомжгүй, хүмүүжилгүй, хараа хяналт муутайгаас болж өвдөж зовж, амь насаа алдах хүртэлх аюулаас хамгийн түрүүнд ээж аав нь хамгаалж чадна гэдгийг хэлмээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!