Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

ӨРГӨН, НАРИЙН цариг тавих тогтоолын төсөл өргөн барилаа

Б.Ану
2014 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг өргөн барилаа

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. 
    
Монгол Улс логистикийн гүйцэтгэлийн индексийн үзүүлэлтээр 2012 онд дэлхийн 150 орноос 140-д жагссан билээ. Тухайн орны гааль, дэд бүтэц, олон улсын тээвэр, логистикийн үйлчилгээний чанар, тээвэрлэлтийн хяналт, цаг зарцуулалт зэрэг 6 үндсэн үзүүлэлтийг харгалзан Дэлхийн банкнаас эрхлэн гаргадаг өрсөлдөх чадварын энэ тайлан нь манай улсын ложистикийн үйлчилгээнд өгсөн олон улсын үнэлгээ. 

Экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонноос давахаар байгаа нь төмөр замаар  тээвэрлэж  байгаа одоогийн нийт ачааны хэмжээнээс 3.5 дахин нэмэгдэх тойм тооцоо байгаа.

Нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орны нэг бөгөөд энэ зах зээлийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-тай хиллэн оршдог хэрнээ бид өнөө болтол тээвэр ложистикийн үйлчилгээгээ хөгжүүлж чадаагүй байгаа нь Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг боловсруулах шаардлага болсон нь лавтай. 

Өнөөдөр өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа: 

  • Таван толгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, 
  • Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар тус тус барина гэжээ. 

Эдгээр төмөр замыг ашиглалтад оруулснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ялангуяа стратегийн орд газруудаас олборлосон ашигт малтмалыг боловсруулах аж үйлдвэрийн цогцолбороос гарах бүтээгдэхүүний экспортыг дэмжих, макро эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжин улс, бүс нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болох учиртай. 

Одоогийн байдлаар "Шинэ төмөр зам" төслийн хүрээнд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр замын суурь ажил хийгдэж, нийт ажлын гүйцэтгэл 40 орчим хувьтай байна. 

Цаашид Таван толгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суваргын зэсийн орд, Адуунчулуун, Чандгана, Талбулаг,  Хөөт, Могойн гол  зэрэг  нүүрс  болон  зэс,  вольфрам,  цайр, жоншны ашигт малтмалын томоохон ордууд ашиглалтад орсноор экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонноос давахаар байгаа нь төмөр замаар  тээвэрлэж  байгаа одоогийн нийт ачааны хэмжээнээс 3.5 дахин нэмэгдэх тойм тооцоо байгаа.