ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн 3-7 насны үе түүний амьдралын хамгийн чухал үе

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн амьдралын 3-7 насны үе бол түүний бие бялдрын болон суурь хүмүүжлийн үндэс тавигддаг чухал үе. Хөдөлгөөн нь чөлөөтэй болж,  сайн ярихаас гадна,  аливааг мэдрэх, ойлгох, төсөөлөх чадвар баялаг, өргөн хүрээтэй  болдог.
Энэ хугацааны өндрийн өсөлт нь харилцан адилгүй, эхний нэг жилд  4-6 см нэмэгдэж байснаа, 6-7 насандаа өндөр нь эрчимжиж жилд 7-10 см / физиологийн бойжилтын 1-р үе гэж нэрлэдэг/ нэмэгдэнэ. 

Жил бүрийн өндрийн өсөлт нь ойролцоогоор өмнөх жилийнхээсээ таван см нэмэгддэг байна.

Хүүхдийн жингийн өөрчлөлт мөн харилцан адилгүй. 

  • Дөрвөн нас хүрэхэд жилд дунджаар 1.6 кг
  • Таван настайд ойролцоогоор 2 кг
  • Зургаан настайд 2.5 кг тус тус нэмэгдэх буюу ойролцоогоор жилд хоёр кг нэмэгддэг.

Хүүхэд 6-7 настай болсон үедээ нэг настай байх үеийн жингээс хоёр дахин илүү жинтэй болсон байх ёстой.

Мөн энэ үед арьс нь зузааран чангарч, судас нь гадны нөлөөнд тэсвэртэй болно. Тооцоогоор 6-7 настай хүүхдийн нэг кг биеийн жинд оногдох арьсны талбайн хэмжээ нь насанд хүрсэн хүнийхээс их байдаг учраас гадаад орчны халуун, хүйтнийг мэдрэх нь илүү байдаг байна.

Хүүхдийн зүрхний цохилт аажмаар буурч таван настайд нь минутад 100 удаа, долоон настайд нь минутад 85-90 удаа цохилно.

5-6 насныхны нурууны хэлбэр том хүнийхтэй адил болсон байна. Гэхдээ үе мөчний ясжилт явагдаж дуусаагүй байдаг учир ихэнх нь зөөлөн мөгөөрс байна. Хүүхэд энэ үедээ маш хөдөлгөөнтэй байдаг ба булчин шөрмөс нь эрчимтэй хөгжиж, нуруунд багагүй ачаалал ирнэ. Иймд энэ үед нь хүүхдийн сууж буй байрлал, хөдөлгөөн, тоглоом зэрэгт нь онцгой анхаарах шаардлагатай.

Ор нь хэт зөөлөн, тэгш бус  байж болохгүй, хүүхдийг зориулалтын оронд унтуулж байх хэрэгтэй. Биеийн хүчний ачаалал өгөх зайлшгүй шаардлагатай боловч, тэр нь хүүхдийн боломжид тохирсон байж, аажмаар дасгана.

5-6 настай хүүхдийн сүүн шүд нь унаж, шинээр шүд ургаж эхэлдэг. Үүнээс өмнө сүүн шүдийг нь сайтар арчлан, өвдвөл цаг тухайд нь эмчлүүлж, шүдээ угаах дадал олгоно.

Сургуулийн өмнөх нас дуусахад хүүхдийн амьсгалын эрхтэн бүрэн гүйцэт хөгжиж дуусна. Хавирга нь том хүнийх шиг хэлбэртэй болж, уушигны булчин болон зөөлөн эд нь хөгжинө. Амьсгал нь гүнзгий болж, удаашран, 7 настайдаа минутад 23-25 удаа амьсгална.

Зүрх судасны систем нь харьцангуй хөгжиж, ажиллах чадвар нь нэмэгдэн, ачаалал даах чадвартай болсон байна. Зүрхний жин ба хүч нэмэгдэж, биеийн хүчний ачаалал даах чадвартай болно.

Энэ үед зүрхний цохилт нь буурч, таван настайд нь минутад 100 удаа, долоон настайд нь минутад 85-90 удаа цохилно.

Мэдээллийн эх сурвалж: ЭМЯ