АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хот дахь Монгол Улсын Өргөмжит Консулын газрын нээлт болж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б. Алтангэрэл, Монгол Улсын Өргөмжит Консул Уиллиам Пинтас, албаны бусад хүмүүс болон тус хотод амьдарч буй Монгол иргэд ёслолын ажиллагаанд оролцсон байна.
Энэ үеэр Ерөнхийлөгч шинээр нээгдэж буй Өргөмжит консулын газар өөрийн муждаа Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад болон цаашдаа зөвхөн консулын төдийгүй хоёр орны соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Иллинойс мужийг хариуцан ажиллах Монгол Улсын Өргөмжит консул Уиллиам Пинтас энэ сарын 28-ны өдөр үүрэгт ажилдаа оржээ.
Монгол Улсын Өргөмжит консул Уиллиам Пинтасын товч намтар
Уиллиам Г.Пинтас /William G. Pintas/ нь 1960 онд Иллинойс мужийн Чикаго хотод төрсөн, эхнэр, гурван хүүхдийн хамт Иллинойс мужийн Лэйк Форэст хотод оршин суудаг.
Тэрбээр Чаппэллийн /Chappell/ бага сургууль, Гордоны /Gordon/ техникийн дунд сургуулийг төгсч, 1981 онд Флорида мужийн Майамигийн Их сургуулийг бизнесийн чиглэлээр бакалавр, 1984 онд Мичиган мужийн Thomas M Cooley –ний Их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан.
Уиллиам Г.Пинтас нь шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах “Preferred Capital Funding” компаний хамтран эзэмшигч бөгөөд ТУЗ-ийн тэргүүнээр ажилладаг. Тухайн компани нь хуулийн зөвлөгөө өгөх, нэхэмжлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх компаний нэг бөгөөд Чикаго, Кливлэнд, Сэйнт Луйс, Лос Вегас, Солт Лэйк зэрэг хотод салбартай аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!