“Эмнэлгийн зураг төсөл” компанийн архитекторч Д.Цогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголын архитекторуудын эвлэл байртай болж, их хурлаа хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Одоо ямар асуудалд анхаарал хандуулж байгаа бол?
-Монголын архитекторчид анх удаа өөрийн гэсэн байртай болж, нээлтээ хийхийн сацуу XIV их хурлаа хуралдуулаад удаагүй байна.
Үүнээс өмнө нь манай архитекторчид СТӨ-нд байрлаж байсан. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр манай байр шатаж, энд тэнд өрөө түрээслэж ирсэн.
Байрны нээлттэй уялдуулан, их хурлаа “зарлаж, холбооныхоо ерөнхийлөгчийг сонгоход өмнө нь ажиллаж байсан н.Хүрэлбаатар дахин сонгогдсон.
Тэр их хурлаар архитекторчид холбооныхоо тэргүүний сонгуулиас гадна нийслэлийн архитекторыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, санал гомдол, байр суурийг сонссон шүү дээ. Одоо ч тэр асуудалд анхаарал хандуулж, мэргэжлийн зүгээс санал, зөвлөмжөө өгөөд явж байгаа.
-Нийслэлийн хэмжээнд шүүмжлэл дагуулсан ямар асуудлууд байгаа вэ?
-Хамгийн гол асуудал гэр хорооллыг дахин төлөвлөхдөө алдаагүй болгох, хөрсний бохирдол, хотын утаа, цэвэр усны тухайд архитекторчид нэлээд хөндөж ярьж байна. Утааг багасгах хамгийн боломжтой, дэвшилттэй хувилбар бол орон сууцжуулах юм. Болж өгвөл нар, салхины энергийг ашиглан бага зардлаар цахилгаан, дулааны эх үүсвэрийг бий болгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, гэр хорооллын хөрсний бохирдол хэрээс хэтрээд удаж байгааг бодолцох ёстой.
Спорт цогцолборын өмнөхөн 300 ортой төрөх эмнэлэг барьж байгаа юм. Эмнэлгийнхээ хүчин чадлыг эргэж хараач, төсөв зардлаа тооцоо гэж сануулсаар байтал тэнд эмнэлгийн барилга барьж, одоо 18 тэрбум төгрөг тэнд булчихаад цэвэрлэх байгууламж хэзээ ашиглалтад орно тэр хүртэл хүлээсээр байна.
Айл болгоны жорлон, муу усны нүх урин дулааны удиралд нийслэлийн иргэдийг амьсгалах аргагүй болгож байна. Бид түүндээ дасал бодчихоод яваад байдаг.
Гэтэл хөрсний бохирдол утаанаас дутахгүй аюул дагуулж байна. Өөр нэг асуудал бол дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа цэвэр усны тухай юм. Тэр тусмаа манайх шиг ундны усаараа машин угаалгын газар ажиллуулж, ахуйн хэрэгцээнд хязгааргүй зарцуулдаг улс оронд энэ тухай ярихгүй байж болохгүй.
Тиймээс архитекторчид хотын гэр хорооллыг тохилог болгох, орон сууцжуулах асуудлыг голлон ярьж байгаа. Ер нь бол эхнээс нь хот төлөвлөлтийг ямар ч бодлогогүй хийсэн, жилээс жилд хот тэлж, хүн ам нь өсч байхад төлөвлөлтөө сайжруулах талаар зөв юм хийхгүй байгаа зэрэг дутагдал ажиглагдаж байна. Энэ талаар хотын ерөнхий архтектороор ажиллаж байсан Б.Шархүү, архитекторч Д.Чойжилжав нарын хүмүүс үнэтэй саналыг их хурал дээр хэлж байсан. Тиймээс тэднээс асуух нь зүйтэй байх. Миний хувьд өөрийн мэргэшлийн дагуу нийслэлд баригдаж байгаа эмнэлгийн барилгын зураг, төслийн асуудлаар байр сууриа хэлж ирсэн. Одоо ч шүүмжлэлтэй хандаж байгаа зүйлүүд бий.
-Тэгвэл нийслэлд баригдаж буй шинэ, хуучин эмнэлгийн барилгуудын чанар, стандартын тухайд та юу хэлэх вэ?
-Нэг жишээ хэлье, манай хойд хөршийн Москва хотод эмнэлгийн барилгуудыг барихдаа хүчин чадлыг нь тогтоочихсон байдаг юм байна. Төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг хэд байх вэ гээд тоог нь гаргаад, хэдэн ортой байж болохыг тодорхой заачихдаг. Төрөх эмнэлэг гэхэд л 150-200 ортой байна гэж хатуу тогтоосон байх юм.
Яагаад орны тоог цөөн байхаар төлөвлөж байна гэвэл, хүйн халдвар зэрэг өвчлөл гарах магадлал ихтэй, тархац нь түргэн байдаг учраас орны тоо 150-200, түүнээс илүү байж болдоггүй. Байршлын хувьд аль болох хотын төвд ойр байх ёстой гэсэн заалт байдаг. Гэтэл Москва арав гаруй сая хүн амтай, дэлхийн том хотын нэг. Манай Улаанбаатарын хувьд дөнгөж сая гаруй хүн амтай жижигхэн хот.
Харьцуулаад үзэх юм бол манайх хаа байсан Төв аймаг руу явдаг замын хажууд, Спорт цогцолборын өмнөхөн 300 ортой төрөх эмнэлэг барьж байгаа юм. Тэр үед мэргэжлийн хүний хувьд “Эмнэлэг чинь төрөх эхээсээ холдоод байна. Хаа байсан Дамбадаржаагаас эмнэлэг рүү очих гэсээр байтал замдаа төрчихөөд очих юм биш үү. Түүнээс гадна төрөх эмнэлэгт 600 гаруй эмч, ажиллагсад ажиллахад автомашины дулаан зогсоолгүй учраас бүгд нийтийн унаагаар явах болж байна. Нийтийн унаагаар 600 хүн тийшээ очоод, ажил нь ямар билээ.
Цаг наргүй ажилладаг тэдгээр хүмүүс оройтчихно гээд өвчтнөө хаяад явчихаж болдоггүй. Энэ бэрхшээлээс гадна, дэд бүтэц алга. Учир нь цэвэрлэх байгууламжгүй газар эмнэлэг барих юм бол ашиглаж болохгүй. Цэвэр, бохир усгүй учраас эмнэлэг байх боломжгүй. Тиймээс эмнэлгийнхээ хүчин чадлыг эргэж хараач, төсөв зардлаа тооцоо гэж сануулсаар байтал тэнд эмнэлгийн барилга барьж, одоо 18 тэрбум төгрөг тэнд булчихаад цэвэрлэх байгууламж хэзээ ашиглалтад орно тэр хүртэл хүлээсээр байна. Иргэдийн төлсөн татварын мөнгөөр ингэж туйлаад байхаар яаж улс орон хөгжих юм бэ.
-Нийслэлийн эмнэлгүүдээс стандартад нийцсэн нь хэд вэ?
-Улсын хэмжээнд баригдсан эмнэлгүүдээс 1960-аад онд баригдсан нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, нэгдсэн гуравдугаар эмнэлгээс өөр зориулалтын эмнэлэг алга. Эмнэлгийн зориулалтад нэлээд дөхүүлж барьсан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг Хууль зүйн яам булааж аваад Мөрдөх албаныхныг оруулна гэж байгаа. Ийм тэнэг бодлоготой засаг байж болохгүй шүү дээ.
Тэр дотор Монголд анх удаа орж ирсэн оношилгооны хамгийн орчин үеийн аппаратыг суурилуулсан. Түүнд дөрвөн тэрбум төгрөг зарцуулсны зэрэгцээ шингэн гель зэрэг байх ёстой зүйлүүдийг нь хийж, ажиллуулахад бэлэн болгосон. Вакумжуулсан өрөөний рентген хамгаалалттай хаалга гэхчлэн бүх зүйлийг орчин үеийн эмнэлгийн зориулалтад нийцүүлсэн.
Гэтэл барилгын маргаан үүсч жил гаруй саатсаны дараа одоо Халдварт өвчин судлалын төвд шилжүүлэхээр болоод байна. Түүний тулд барилгын нэг талынханыг бүхэлд нь нурааж байж зургаан тоннын жинтэй аппаратыг гаргаж авна. Тэгвэл зөөж суурилуулах компани нь “Бид хоёр тэрбум төгрөгөөр зөөнө” гэж байгаа. Гэтэл тэр мөнгөөр 75 хүүхдийн ортой цэцэрлэг 4-5-ыг барьчих боломжтой. Тэр хэмжээний мөнгөөр зөвхөн аппарат зөөх нөхцөл байдал үүсээд байна. Ингэхээр би түрүүн хэлсэн, бид яаж хөгжих вэ. Энэ мэт жишээг яриад байвал дуусахгүй.
Төр, засаг маань ахмадууд, судлаач мэргэжилтэн, эрдэмтдийнхээ үгийг сонсдог баймаар байна.
-Шүүмжлэл хэлэхээр, танд ямар нэгэн байдлаар дарамт, шахалт ирдэг үү?
-Хавчих, шахах нөлөө байна. тухайлбал, тендерт орлоо гэхэд хавчигдах ч юм уу, аливаа зүйлд дарамт ирдэг юм билээ. тэглээ гээд хоолгүй болчих гээд, айж эмээгээд байх зүйл надад алга. гэхдээ үнэнийг нууж болохгүй, мэргэжлийн хүн байж харсаар байгаад хэлэхгүй байвал улс орны маань хөгжилд, олон нийтийн эрх ашигт л муу шүү дээ. Нөгөөтэйгүүр, хэлж ярилаа гээд өөрчлөлт огт гарахгүй байна. Төр, засаг маань ахмадууд, судлаач мэргэжилтэн, эрдэмтдийнхээ үгийг сонсдог баймаар байна.
-Хөдөө орон нутагт баригдаж буй эмнэлгийн барилгуудын тухайд та юу хэлэх вэ?
-Сүүлийн үед Канад модон загвараар хийж байгаа шийдлүүд зэрэг аятайхан эхлэлүүд байгааг телевизийн мэдээнээс олж харсан. Ер нь бол манайх төрийн бодлого нь буруу, төлөвлөлтийг эхнээс нь замбараагүй байдлаар хийж ирсэн. Тэр нь хотод ч, хөдөө орон нутагт ч адилхан байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!