Их Британийн агаарын баазад халдах оролдлого гарч, терроризмын хэргээр таван хүн баривчлагдав

Т.Давааням, ikon.mn
30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ням гарагт Их Британийн агаарын зэвсэгт хүчний бааз руу чиглэн явсан сэжигтэй гурван тээврийн хэрэгслийн талаар мэдээлэл ирсний дараа террорист халдлага үйлдэхийг завдсан хэргээр таван хүнийг баривчилжээ.

Эдгээр тээврийн хэрэгслүүдийн тухай мэдээ тарсны дараа Ням гарагийн шөнө дунд өнгөрч байхад тухайн бүс нутагт онц байдал зарлаж, Глостершир гүнлэгийн нутаг, RAF Fairford баазын ойролцоо амьдардаг олон арван айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ.

Баазыг чиглэж явсан тээврийн хэрэгслүүдийн тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгох ажил үргэлжилж байгааг Британийн терроризмтой тэмцэх цагдаагийн алба мэдээлсэн байна.

RAF Fairford баазыг АНУ-ын агаарын хүчин бас ашигладаг юм. Баазын эргэн тойронд 400 метрийн радиустай хамгаалалтын бүс тогтоожээ.

Үүссэн нөхцөл байдлын талаар мэдээллийг Их Британийн ерөнхий сайд Энди Бернхэмд цаг тухайд нь хүргэж байгаа гэнэ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп баривчлагдсан хүмүүс “их хэмжээний хохирол учруулах зорилготой байсан” гэж мэдэгдээд “Бид тэдний удаан хугацааны турш ажиглаж байсан бөгөөд эцэст нь баривчиллаа” гэж хэлжээ.

Их Британийн батлан хамгаалахын сайд Уэс Стритинг АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэттэй холбогдож, хамтран ажилласнаа мэдээлсэн байна.

Ням гарагийн шөнө баазын ойролцоо сэжигтэй үйл явдал болж байгааг харсан орон нутгийн оршин суугч цагдаа нарт мэдээлжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн энэ эмэгтэй зогсоол дээр гурван микро автобус зогсож, дотор нь баг зүүсэн хэсэг эрчүүд байгааг хараад цагдаад мэдэгдсэн юм байна.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 

Эх сурвалж: BBC