Боснийн Сербийн цэргийн командлагч асан, дайны гэмт хэрэгтэн Ратко Младич шоронд нас баржээ

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

1995 оны Сребреницагийн хядлагад оролцсоныхоо төлөө “Боснийн яргачин” хочтой болсон Боснийн Сербийн цэргийн командлагч асан Ратко Младич шоронд нас барсныг Сербийн төв телевизийн RTS суваг Пүрэв гарагт мэдээлжээ.

Сүүлийн саруудад хэд хэдэн удаа цус харвасан 84 настай Младич дэлхийн хоёрдугаар дайны дараа Европт болсон хамгийн том цуст үйл явдал болох Сребреницагийн хядлагыг удирдаж, геноцид, дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Гааг хотын шоронд бүх насаар хорих ял эдэлж байсан юм.

Сербийн засгийн газар болон гэр бүлийнхэн нь эрүүл мэндийн шалтгаанаар Младичийг суллах хүсэлтийг Гаагийн шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй байна.

Коммунизм нуран унасны дараа Югославын ерөнхийлөгч Слободан Милошевич, Боснийн Сербүүдийн удирдагч Радован Каражич болон Младич нар Югославын иргэний дайны хамгийн харгис хэрцгий гурвал болж байсан юм.

1992-1995 онуудад үргэлжилсэн энэ дайны улмаас 100,000 орчим хүн амь үрэгдэж, 2.2 сая хүн орон гэрээсээ дүрвэж байв.

Энэ дайны хамгийн том харгислал Сребреница хотод үйлдэгдэж, НҮБ-ын хамгаалалттай бүс нутагт толгой хоргодох газар хайж байсан 8,000 орчим Боснийн муслим эрэгтэйчүүд, хөвгүүдийг Младичийн удирдсан Сербийн цэргүүд хядаж байжээ.

НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн комиссар асан Зэйд Раад аль Хуссейн ялласных нь дараа Младичийг “муу ёрын биелэл” хэмээн тодорхойлж байв.

Гэхдээ ихэнх сербүүд түүнийг “ард түмнээ хамгаалсан хүн” хэмээн хүндэлсэн хэвээр байдаг.

2020 оны давж заалдах шатны шүүх хурал дээр Младич “Хувь тавилан минь надад Ватикан болон Өрнөдийн мафийн тусламжтай та нарын сүйтгэсэн улс орноо хамгаалах боломж олгосон юм” гэж хэлж байжээ.

Тэрбээр бас Боснийн нийслэл Сараево хотыг гурван жил бүслэхдээ их бууны болон мэргэн буучдын галаар олон мянган эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг гудамж талбай, гэр оронд нь хядаж байсан юм.

Младич хядлагын дараа эзгүйрсэн Сребреница хотод буцаж ирээд “Бид энэ хотыг Сербийн ард түмэнд бэлэглэж байна” гэж хэлсэн нь камерт бичигдсэн байдаг.

Тэрбээр хядлага эхлэхийн өмнө 12 настай муслим хүүг тайвшруулж байгааг өөр нэг бичлэг харуулсан байдаг юм.

Младич, Каражич, Милошевич нарын Сербийн үндсэрхэг үзэлтнүүдийн гурвал хуучин Югославын газрын зургийг дахин зурахын тулд хүмүүсийг үндэс угсаагаар нь аймаглан устгах давлагааг эхлүүлж байжээ.

Каражич үзэл сурталч, Милошевич зальтай улс төрч байсан бол Младич цэргийн командлагч байсан юм.

Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үед Боснийн зүүн бүсийн Калиновик хотод төрсөн гэдэг. Ихэнх бичиг баримтад түүнийг 1942 онд төрсөн гэдэг бол Младич өөрөө 1943 онд төрснийг шүүхэд мэдүүлж байв.

Түүний эцэг дайны дараа олон үндэстнийг нэгтгэсэн Югослав улсыг байгуулсан маршал Титогийн талд тулалдаж яваад амь үрэгдэж байжээ.

Младич 1960-аад оны эхээр цэрэгт алба хаахаар Белград хотыг зорьж, 22 насандаа офицер болсон гэдэг.

Түүнийг цэргүүд нь хүндэлдэг байсан ч Югославын армийн хэвлэлийн төлөөлөгч асан Любодраг Стоядинович түүнийг “нарциссист, их зантай, бардам хүн” гэж тодорхойлж байжээ.

Дайны сүүлийн өдрүүдэд ойрын холбоотнууд нь түүний сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх болсон гэдэг.

Монтенегрогийн ерөнхийлөгч асан Момир Булатович 1990-ээд оны баримтад кинонд ярихдаа “Би генерал Младичийг цэрэг хүн, эрх хүнийх нь хувьд хүндэлдэг байсан. Гэвч гурван жилийн дайны дараа тэр бодит байдлаас тасарсан” гэж хэлж байв.

Младич 1995 онд яллагдаж, албан тушаалаасаа огцорсон ч дахин 16 жил баривчлагдахаас зайлсхийж чаджээ.

Эхэндээ тэр Сербийн цэргийнхний халамж дор тансаг амьдарч байсан ч 2000 онд Милошевич засгийн эрхээ алдсаны дараа дарамт шахалт улам нэмэгдсэн юм.

Эцэст нь 2011 оны тавдугаар сард Сербийн хойд хэсэгт оршдог үеэлийнхээ хөдөөгийн эдлэнгээс тэр баривчлагдсан байна.

Түүний охин Анна 1994 онд 23 настайдаа амиа хорлосон юм. Зарим эх сурвалжууд түүнийг эцгийнхээ үйлдсэн нүглийг тэвчиж чадаагүй гэж үздэг бол Младичийн гэр бүлийнхэн үүнийг үгүйсгэдэг.

Младичийн баривчлагдаж явахаасаа өмнө шүүхэд гаргасан ганц хүсэлт нь охиныхоо булшийг эргэх байжээ.

 

Эх сурвалж: AFP