Зураг
Зураг

Т.Шинэбаярыг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн гаргасан гомдолд үндэслэн шалгаж, 30 хоног цагдан хорихоор болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гаргасан гомдолд үндэслэн Т.Шинэбаярыг 2026 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс хойшлуулшгүйгээр баривчилсан. 

Тэгвэл үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болжээ. Т.Шинэбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.3-т заасан үндэслэлээр аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргажээ. 

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригоос “... Нэр бүхий фэйсбүүкийн хуудаснаас нийтийн албан тушаалтнуудын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн эрхэлж буй ажил, албан тушаал, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол учруулж болзошгүй агуулгатай мэдээ тараасан...” гэх гэмт хэргийн шинжтэй гомдолыг цагдаагийн байгууллагад гаргасан юм. 

Тус гомдлын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр Т.Шинэбаярыг 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05 цаг 10 минутаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын саналыг 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн.

Шүүх хэрэг бүртгэлтийн явцад хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсон, сэжигтэн Т.Шинэбаярын хувийн байдал, холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцож байв. Ийнхүү үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор болжээ.