Х.Уянга: Х.Нямбаатар сэтгүүлчдийг мөнгөөр угжихаас гадна газраар наймаалцдаг байсан байх боломжтой гэж харж байна
Хууль зүйн сайд, Хотын захирагч асан Х.Нямбаатарын талаар Иргэн Х.Уянга нарын иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Х.Нямбаатарыг хэзээ авч ирэх гэж байгаа юм бэ? Өнгөрсөн долоо хоногт түүнийг АТГ яллагдагчаар татсан тухай мэдээлэл өгсөн. Есдүгээр сарын 19-нд албажсан гэж байгаа ч 19 дэх хоног өнгөрөөд байна. Хэзээ Монголд авчрах нь тодорхойгүй байна.
Иргэд бид "Хатан туулаа хамгаалъя" хөдөлгөөн өрнүүлж байхад олон сэтгүүлч үүнээс шударга 10 гэж өөрсдийгөө нэрлэдэг хэвлэл биднийг харлуулан дайрдаг байсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга асан болон хэвлэл хоёрыг холбосон нэг сэжүүр илрэл байж болохуйц баримтыг би цагдаагийн газарт өгнө.
eguur.mn сайтын ерөнхий редактор, эзэн Мядагбадам гэдэг хүний тухай баримтыг цагдаагийн газарт өгнө. Энэ хүн 5-р сарын 16-ны постоороо хэний талд байгаагаа маш тодорхой бичсэн байдаг.
Миний гарт түүний нэр дээрх эзэмшлийн маш олон буюу 10 газрын мэдээлэл байна. Эдгээр 10 газрын найм нь 2026 оны 1-р сарын 19-нд олгогдсон байна. Иргэн бидэнд гэр бүлийн хэрэгцээний газар олдох боломж нь хэр нээлттэй байдаг вэ? Энэ найман газар нь л гэхэд хүсэлтээ авснаас хойш ердөө 10 хоногийн дотор шийдвэрлэж өгсөн байна. Энэ шударга уу? Иргэд нэг газар авах гэж махаа идэж байхад eguur.mn сайтын ерөнхий редактор Мядагбадам хэрхэн найман газрыг нэг өдөрт өөрийн нэр дээр гаргуулж чадав аа? Иймд миний хардах өнцөг бол Х.Нямбаатар дан ганц мөнгөөр угжихаас гадна сэтгүүлчидтэй нийслэлчүүдийн газраар наймаалцдаг байсан байх боломжтой гэж харж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
