Зураг
Зураг

Коронавирусийн цар тахал анх дэгдсэн Ухань хотын дарга асан авлигын хэргээр 14 жилийн хорих ял сонсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн дэгдэлтийн эхэн үед авсан арга хэмжээнийхээ улмаас олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан Ухань хотын дарга асан Жоу Шяньван авлигын хэргээр 14 жилийн хорих ял сонсжээ.

Хэнань мужийн Шанцю хотын дунд шатны ардын шүүхийн мэдээлснээр Жоу 2003-2025 оны хооронд Хуанши хотын намын хорооны нарийн бичгийн дарга, Ухань хотын дарга, Хубэй мужийн дэд захирагч зэрэг албан тушаалуудыг хашиж байхдаа "компаниуд болон хувь хүмүүст төсөл авах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, захиргааны зөвшөөрөл авахад нь туслалцаа үзүүлэх" замаар их хэмжээний авлига авсан гэнэ.

Үүний хариуд тэрбээр 60.5 сая юаниас ($9 сая) дээш үнэ бүхий бэлэн мөнгө, эд хөрөнгө авсан болохыг шүүх тогтоожээ.

Гэхдээ 5 сая юанийн торгууль нэмж хүлээсэн Жоу гэм буруугаа хүлээж, хууль бусаар олсон хөрөнгөө буцаан төлсөн нь ялыг хөнгөрүүлэх үндэслэл болсныг шүүх тайлбарласан байна.

Жоуг өнгөрсөн оны долдугаар сард Хятадын авлигын эсрэг дээд байгууллага болох Сахилга Бат, Хяналтын Төв Хороо шалгаж эхэлсэн юм.

64 настай Жоу нь төрөлх Хубэй муждаа албан тушаал ахисаар 2018 оны тавдугаар сард мужийн төв Ухань хотын намын хорооны дэд нарийн бичгийн даргаар томилогдож байжээ. Улмаар мөн оны есдүгээр сард тэрбээр Ухань хотын даргаар томилогдсон байна.

2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Ухань хотод коронавирус анх илрэх үед хотын захиргаа мэдээллийг зарлахаа хойшлуулсан нь хожим олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртсөн шийдвэр болсон юм.

Орон нутгийн удирдлагууд өөр өөрсдийн удирддаг бүс нутгаа хариуцахыг үүрэг болгосон Хятадын засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн хурлаас хойш гурав хоногийн дараа тус хотод хөл хорио тогтоосон нь нэлээд оройтсон шийдвэрт тооцогдож байжээ.

2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр Жоу төрийн мэдлийн CCTV телевизэд өгсөн ярилцлагадаа "Орон нутгийн засаг захиргааны албан тушаалтны хувьд би мэдээллийг хүлээн авч, зөвшөөрөл авсны дараа л олон нийтэд мэдээлэх боломжтой" гэж тайлбарлаж байв.

Тэрбээр мөн тухайн сарын эхээр 40 мянга гаруй хүн оролцсон сар шинийн баярын арга хэмжээг зохион байгуулсан нь вирусийн тархалтад нөлөөлсөн гэдэг.

Тухайн үед Жоу мөн л шийдвэрээ хамгаалсан ч халдварын тархалтыг хяналтад авмагц Ухань хотын намын хорооны дарга асан Ма Гуоцяны хамт албан тушаалаасаа чөлөөлөгдөхөд бэлэн байгаагаа мэдэгдэж байжээ.

Ма Гуоцян 2020 оны хоёрдугаар сард Хубэй мужийн намын хорооны дарга Жян Чаолянгийн хамтаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.

Харин Жоу 2021 оныг хүртэл албан тушаалдаа үлдсэн бөгөөд ажлаа хүлээлгэн өгснийхөө дараа улсын дээд түвшний улс төрийн зөвлөлдөх байгууллагын муж болон улсын хэмжээний хороодод үргэлжлүүлэн ажиллах болжээ.

Хятад улсад үргэлжилж буй авлигын эсрэг тэмцлийн хүрээнд хамгийн сүүлд шийтгүүлсэн томоохон албан тушаалтнууд бол батлан ​​хамгаалахын сайд асан Вэй Фэнхэ, Ли Шанфу нар бөгөөд тэдэнд тавдугаар сард тодорхой хугацаагаар хойшлуулсны дараа бүх насаар хорих ялаар солигдох нөхцөлтэй цаазын ялыг оногдуулсан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post