Европын Холбооноос гарах санал хураалтад Оросын нөлөө орсон нь “тодорхой” болохыг Их Британийн ерөнхий сайд мэдэгдэв
Их Британийн ерөнхий сайд Энди Бернхэм хэлэхдээ Европын Холбооноос гарах Brexit-ийн бүх нийтийн санал хураалтад Орос улс хөндлөнгөөс оролцсон гэдэгт тус улс "бүрэн итгэлтэй" байгааг мэдэгджээ
Тэрбээр хэдхэн сарын өмнө Даунинг стритийн 10 тоот дахь ерөнхий сайдын албан өргөөнд ажиллаж эхлэхдээ 2016 онд болсон Европын Холбооноос гарах эсэх тухай санал хураалтад Москва хөндлөнгөөс оролцсон эсэхийг асуухад "тийм ээ, оролцсон" гэсэн тодорхой хариулт өгч байснаа дурдсан байна.
Герман, Франц улсуудад хэт барууны үзэлтэй намуудын нөлөө өсөн нэмэгдэж буй энэ үед "улс төрийн үйл явцын зарим хэсгийг манай дайснууд өдөөн турхирч буйг" эдгээр улсуудын сонгогчдод ойлгуулахын тулд энэ асуудлыг "албан ёсоор тодорхой болгох" нь чухал гэж үзэж буйгаа Бернхэм илэрхийлжээ.
Парламентын тагнуул, аюулгүй байдлын байнгын хороо 2020 онд гаргасан дүгнэлтдээ Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим орчин дахь "тролл" хаягууд Европын Холбооны асуудлаар санал хураалтад хэрхэн нөлөөлж болзошгүйг тухайн үеийн засгийн газар бүрэн дүүрэн үнэлж чадаагүй гэж үзсэн байдаг.
Даваа гарагт цацагдах "The Rest Is Politics" подкастад өгсөн ярилцлагадаа Бернхэм өнгөрсөн долоо хоногт Берлин хотод Германы канцлер Фридрих Мерцтэй уулзах үеэрээ хэт барууны үзэлтэй AfD (Alternative für Deutschland) намын учруулж буй аюулын талаар ярилцсан тухай өгүүлжээ.
AfD нам сүүлийн үеийн бүс нутгийн сонгуулиудад амжилт гаргах болсон сорилттой нүүр тулгарч буй Мерцтэй уулзахдаа Бернхэм "Канцлер Мерцэд миний хэлсэн нэг зүйл бол... таны өмнө тулгарч буй аюул, ялангуяа таны нүүр тулж буй улс төрийн нөхцөл байдалтай тэмцэхэд бид таныг дэмжих ёстой" гэж хэлсэн гэнэ.
"Тэр надад AfD нам Орос улстай тодорхой холбоотой, тэр ч байтугай санхүүжилт авдаг гэж бодож байгаагаа хэлж байсан. Орос улсаас Германы улс төрийг чиглэсэн ташаа мэдээлэл болон зориудаар тараасан худал мэдээлэл (disinformation) гарцаагүй ирж байгаа” гэж Бернхэм нэмж хэлсэн юм.
Тэр өнгөрсөн сард НҮБ-ын ерөнхий ассамблейд үг хэлэхдээ Оросын мэдээллийн дайны асуудлыг хөндөж, Москва 2019 оны парламентын сонгуульд хөндлөнгөөс оролцохыг оролдсон нотлох баримт байгааг дурдаж байв.
"Би Даунинг стритэд ирээд '2016 оны санал хураалтад Орос улс хөндлөнгөөс оролцсон уу?' гэсэн асуулттай тулгарч байсан. Би түүнд тийм гэсэн тодорхой хариулт өгсөн” гэж Бернхэм ярьжээ.
"Эдгээр асуудлыг одоо тодорхой тэмдэглэж үлдээх нь чухал бөгөөд ингэвэл Герман, Францын сонгогчдод улс төрийн зарим үйл явц нь манай дайснууд, тухайлбал Орос улсын зүгээс өдөөгдөж буйг ойлгоход тусална гэж би үзэж байна. Үнэндээ бид энэ тал дээр хэтэрхий идэвхгүй байр суурь баримталж ирсэн гэж боддог. Гадаадаас улс төрийн үйл явцыг үймүүлэх гэсэн оролдлого ямар түвшинд байгаа талаар бид олон нийтэд хангалттай мэдээлэл өгөхгүй байна” хэмээн ерөнхий сайд цааш ярьсан юм.
Лэйборист намын саяхан болсон хурлын үеэр Бернхэм үг хэлэхдээ Их Британи улс Брюссельтэй (Европын Холбоотой) цаашид ямар харилцаатай байх талаар улс төрийн зөвшилцөлд хүрэх төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд тус холбоонд эргэн нэгдэх асуудлыг ирээдүйн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах боломжийг нээлттэй үлдээж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
