"Төрийн гурван өндөрлөг" иргэдийн төлсөн татварын мөнгийг хэрхэн зарцуулснаа шилэн дансанд бүрэн байршуулахгүй байна
Төсвийг захиран зарцуулах эрхтэй 36 ерөнхийлөн захирагч нар байдаг. Үүнд Засгийн газрын 20 сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар гэх мэт 16 ерөнхийлөн захирагч нар багтана.
Тэд тухайн онд батлагдсан төсвийг харьяа агентлаг, газруудад шилжүүлж, зарцуулалтыг shilendans.gov.mn-д нээлттэй байршуулах үүрэгтэй.
Татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулсан талаарх мэдээллийг үнэн зөв, бодитой, иж бүрэн, ойлгомжтой, тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх ёстой. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар энэ шаардлагыг биелүүлж байгаа эсэхийг шилэн данснаас шүүж үзлээ.
Шилэн данс сайт дахь"Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ" хэсгээс иргэдийн төлсөн татварын мөнгийг ямар үйл ажиллагаанд, хэрхэн зарцуулсныг бүрэн харах боломжтой.
Ерөнхийлөгч он гарснаас хойш ₮5-аас дээш саяыг хэрхэн, юунд зарцуулсан мэдээллээ нээлттэй танилцуулахгүй байна
1. Ерөнхийлөгчийн тамгын газар энэ онд 30.5 тэрбум төгрөгийн зардал гаргахаар төсвөө батлуулсан. Гэвч тус байгууллага "Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ" хэсэгт он гарснаас хойш ямар нэгэн мэдээлэл оруулаагүй байна.
Жишээлбэл тус хэсэгт Ерөнхийлөгчийн гадаад болон дотоод томилолт, шагнал урамшуулалд ямар зардал гаргасан мэдээллийг нээлттэй байршуулж, олон нийтийн мэдэх эрхийг хангах ёстой.
Ногоон, зөв тэмдэглэгээтэй нь тодорхой мэдээлэл байршуулсныг илтгэнэ. Харин зөв тэмдэглэгээний хажууд ташуу зураастай бол огт мэдээлэл оруулаагүй гэсэн үг.
Мөн "Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг" хэсэгт 2026 он гарснаас хойш ганц ч мэдээлэл оруулсангүй. Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн, юунд зарцуулсан мэдээллийг дээрх хоёр цэсээс бүрэн харах боломжтой ч мэдээллээ огт оруулахгүй байна.
Ерөнхийлөгчийн тамгын газар 2026 онд батлагдсан 30.5 тэрбум төгрөгийн төсвөөс есдүгээр сарын байдлаар 24.7 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх ерөнхий дүн бүхий мэдээллийг тавьсан атал 5 сая төгрөгөөс дээш мөнгөн дүнг хэрхэн, юунд зарцуулсан талаарх мэдээллээ нийтэд нээлттэй танилцуулахгүй байгаа юм.
Түүнчлэн санхүүгийн тайлан хэсэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын 2026 оны эхний хагас жилийн тайлан мэдээлэл гэх агуулгатай эксэл файл оруулжээ. Тус файлыг нээгээд үзэхэд бүхэл дүнтэй тоон мэдээллийг ямар утга агуулгатайг тайлбарлаагүй, зөвхөн ерөнхий дүнтэй тоонуудыг жагсаан бичсэн байна.
УИХ-ын дарга интернетийн төлбөр, суурин утасны төлбөр төлсөн гэхээс өөр мэдээлэл оруулахгүй байна
2. Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар 2026 онд 145.4 тэрбум төгрөгийн төсөв зарцуулахаар батлуулсан. Гэвч төсвөө Ерөнхийлөгчийн тамгын газартай адил юунд зарцуулснаа шилэн данс сайтад хангалттай бүрэн байршуулахгүй байна.
Тухайлбал "Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ" хэсэгт сар бүр мэдээлэл оруулж байгаа боловч ороод харвал интернетийн төлбөр, суурин утасны төлбөр төлсөн гэхээс өөр зүйл байсангүй.
Наймдугаар сарын байдлаар УИХ-ын тамгын газар 73.1 тэрбум төгрөгийн батлагдсан төсвөөс 52.6 тэрбум төгрөгийг зарцуулсан гэж ерөнхий дүнг тайлагнасан атлаа яг юунд, хэрхэн зарцуулсан мэдээллээ тодорхой байршуулаагүй байна. Мөн УИХ-ын гишүүдийн төсөвт 62.6 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд наймдугаар сарын байдлаар 44 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Гэвч мэдээллийг үнэн зөв, бодитой, иж бүрэн байх, ойлгомжтой байх зарчмын хүрээнд бүрэн тайлагнахгүй байгаа юм.
Ерөнхий сайд он гарснаас хойш 5-аас дээш сая төгрөгийн мөнгөн дүн хэсэгт ганц ч мэдээлэл байршуулаагүй
3. Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг 2026 оны гуравдугаар сарын 27-нд үүрэгт ажлаас нь чөлөөлж, дөрөвдүгээр сарын 30-нд Н.Учралыг Ерөнхий сайдаар томилж байв.
Ерөнхий сайд энэ онд 362.3 тэрбум төгрөгийн төсвийг захиран зарцуулахаар батлуулсан бөгөөд есдүгээр сарын байдлаар 286.7 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх ерөнхий дүнг шилэн дансанд байршуулжээ. Тус мэдээлэл дунд хэзээ, ямар зориулалтаар, хэрхэн яаж зарцуулсныг бүрэн хангалттай байршуулаагүй байна.
Мөн "Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ" хэсэгт 2026 он гарснаас хойш ямар ч мэдээлэл оруулаагүй байгаа юм. Түүнчлэн бараа үйлчилгээний бусад зардал гэх зориулалтаар 88 тэрбум төгрөг зарцуулсан боловч мөн адил ямар үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл огт байхгүй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
















