Зураг
Зураг

Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшинг сонголоо

Н.Эрхбаяр, iKon.mn
19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шинэ даргыг сонгох хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдсөн бөгөөд нууц санал хураалтад 41 гишүүн оролцсон байна. Ардчилсан намын бүлгийн 24 гишүүн нь Б.Түвшинд, 17 нь Х.Тэмүүжинд саналаа өгчээ.

Ингэснээр олонхын санал авсан Б.Түвшин гишүүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгожээ. Бүлгийн шинэ даргыг УИХ-д танилцуулж сонсгосноор бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх юм байна. Б.Түвшин нь 2024 оны УИХ-ын сонгуульд баруун бүсэд нэр дэвшиж, 69,829 хүний санал авснаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшиний намтар:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1993 онд Завхан аймгийн Нөмрөг сумийн 10-н жилийн дунд сургууль
  • 1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургууль, Эдийн засагч, нягтлан бодогч
  • 2007 онд Итали Улсын Триесте хотын Олон Улсын Бизнесийн Их Сургууль, Олон Улсын Бизнесийн удирдлага
  • 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн Сургууль, Эрх зүйч
  • 2018 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр
  • 2016 оноос Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд Докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1997-1999 онд Худалдаа хөгжлийн банканд Эдийн засагч
  • 2000-2002 онд Эрэл ХХК-д Ахлах нягтлан бодогч
  • 2003-2018 онд Апу ХК-д Санхүү хариуцсан захирал
  • 2016-2024 онд Миг даатгал ХХК-д Ерөнхий захирал
  • 2016-2024 онд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2012 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2014 онд Алтангадас одон
  • 2021 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос