Зураг
Зураг

Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой

Б.Бадамгарав, IKon.mn
19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штаб ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Өнөөдөр Шатахуун Түгээх Станц(ШТС)-ууд өргөн хэрэглээний буюу энгийн АИ-92 шатахууны үнийг нэмсэн. Энэ талаар Шуурхай штабаас  "Оросын Холбооны Улс(ОХУ)-аас нийлүүлэгдэж буй шатахууны үнэ энэ сард өмнөх сараасаа 190 ам.доллароор өссөн тул аж ахуйн нэгжүүд өнөөдрөөс борлуулалтын үнээ нэмсэн" гэж тайлбарлав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир "2026 оны аравдугаар сард АИ-92, АИ-95 шатахуун нийтдээ 78 мянган тонныг авахаар гэрээлсэн.

Монгол Улс тогтвортой байдлын гэрээгээр гурван жилийн хугацаанд ОХУ-аас шатахуунаа авч байсан. Гэвч Орос-Украины дайны нөхцөл байдлаас шалтгаалж, газрын тосны үйлдвэрүүд дэлбэрэлтэд өртсөний улмаас үнэ нь өсөж, нийлүүлэлт багаслаа.

Энэ сарын хувьд өнгөрсөн сарын нийлүүлэлтээс шатахууны үнэ 190 ам.доллароор өссөнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд өнөөдрөөс үнээ нэмлээ. Литр тутамд АИ-92 шатахууны үнэ 500-550 орчим төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлэгдэж буй шатахууны үнэ өссөнтэй холбоотой.

Бидний хувьд шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох нь хамгийн чухал байгаа. Арга хэмжээнүүдээ төлөвлөн ажиллаж байгаа. Урд хөрш болон гуравдагч хөрш орнуудаас шатахуун авахаар хэлцэл ид явагдаж байна. БНХАУ, Сингапур, Малайз, БНСУ-тай хэлцэл явагдаж байгаа.

Оны сүүл буюу 11, 12 дугаар сард орж ирэх шатахууны нийлүүлэлт багасах төлөвтэй байгаа тул бусад улстай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна" хэмээв.

Харин шатахууны үнийн нэмэгдэл бодитой эсэхэд Дэд сайд Б.Мөнхтамир "Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-аас шатахуун импортлохдоо Санкт-Петербургийн биржийн сарын дундаж ханшаар авдаг. Энэ сард нэг тонн шатахууныг 1,063 ам.доллароор авч байна. Тонн шатахуун 1,250 литр болдог бөгөөд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал болон НӨАТ зэрэг бусад зардал нэмэгдэхээр нэг литрт ногдох үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдэж байгаа" гэв.