Москвагийн шүүх Борис Немцовын охиныг баривчлах захирамж гаргажээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Москвагийн шүүх Кремлийн бодлогыг шүүмжлэгч агсан Борис Немцовын охин Жанна Немцоваг баривчлах захирамж гаргажээ.

Немцоваг хориглогдсон байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулсан хэрэгт буруутгасан байна. Ийм гэмт хэрэг дээд тал нь зургаан жилийн хорих ялтай байдаг.

Сүүлийн хэдэн жил Европт амьдарч байгаа Немцова нь Германд төвтэй Борис Немцовын нэрэмжит Эрх Чөлөөний Сангийн үүсгэн байгуулагч юм. Тус сангийн үйл ажиллагааг Оросын эрх баригчид 2024 онд нутаг дэвсгэртээ хориглож байжээ.

Москвагийн Замоскворецкий дүүргийн шүүх түүнийг ОХУ-д шилжүүлэн өгсөн тохиолдолд үйлдсэн гэмт хэргийг нь шүүх хүртэл хоёр сарын хугацаанд саатуулах захирамж гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гарсны дараа Немцова сошиал хуудсандаа “Би алдартай болжээ” хэмээн бичсэн байв.

зураг
 

Нэг үе Борис Ельциний залгамжлагч болох хүн гэгддэг байсан Борис Немцов сүүлд Путиний хамгийн хүчтэй өрсөлдөгч болж байжээ.

Тэрбээр 2015 оны хоёрдугаар сард Кремлийн ойролцоо буудуулж алагдсан юм.

Немцовын аллагын хэргээр таван хүн яллагдсан боловч гол зохион байгуулагчид нь шийтгэлгүй өнгөрсөн гэж гэр бүл, дэмжигчид нь үздэг.

 

Эх сурвалж: The Moscow Times