Милан хотын захиргаа 19 дүгээр зуунд бүтээгдсэн бухын шигтгэмэл зургийн төмсгийг сэргээн засварлахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 10 цаг 37 минут
iKon.MN
Зураг зураг

Италийн Милан хотын нэгэн түүхэн барилгын шалан дээр бухын шигтгэмэл зураг байрладаг бөгөөд жуулчдын этгээд уламжлалын улмаас уг бүтээл хэсэгчлэн эвдрээд байгаа юм.

Витторио Эмануэл II галерейн шалан дээр байдаг уг бухын төмсгийг өсгийгөөрөө үрвэл Миланд дахин ирнэ гэсэн домог хаанаас ч юм бий болсонтой энэ эвдрэл холбоотой.

Тэгвэл хотын захиргаа уг бүтээлийг сэргээн засварлахаар болжээ.

“Миланд зочилсон жуулчдын өсгийд байнга үрэгддэг тул бухын төмсөгний будаг арилж, бяцхан хонхор үүсжээ” гэж хотын захиргааны мэдэгдэлд өгүүлсэн байна.

зураг
 

Тухайн үеийн Италийн нийслэл байсан Турин хотыг төлөөлсөн уг бухын дүрсийг Миланы алдарт Дуомо сүмийн ойролцоох 19 дүгээр зууны үеийн худалдааны төвд байрлуулж байжээ.

Шигтгэмэл зургийг сэргээн засварлах ажлыг энэ чиглэлийн алдартай мэргэжилтэн Жанлука Галли гүйцэтгэхээр болсон байна.

Тэрбээр өчигдөр буюу Пүрэв гарагт бүтээлийн одоогийн нөхцөл байдалтай танилцаж, шалны чулуунаас нь дээж авч, анхны төрх байдлыг харуулсан зургийг үзжээ.

Галли жуулчдын өсгийн үрэлтийг илүү сайн тэсвэрлэдэг болгохын тулд анхны хийц болох шохой, элсний зуурмагийн оронд эпокси давирхай ашиглахаар төлөвлөж буйг ярьсан байна.

“Өсгийгөөрөө үрэх нь дурсамжтай үйлдэл байж болох ч урлагийн бүтээлийн хувьд нэлээд хор хөнөөлтэй заншил юм” гэж Галли хэвлэлд ярьжээ.

Бухын дүрсийг хамгийн сүүлд 2017 онд сэргээн засварлаж байсан юм.

Галли бас өөрийн ажлаар бахархаж явдгаа илэрхийлээд “Итали улсад эрэгтэй, эмэгтэй сэргээн засварлагчид маш их хэрэгтэй байгаа тул залуус энэ мэргэжлийг олноор эзэмшээсэй. Үүнийг хүнд хэцүү ажил гэдгийг би мэднэ. Учир нь нэг газраас нөгөө газар руу байнга аялах хэрэгтэй болдог. Гэхдээ энэ бол Италид маш их нэр хүндтэй ажил юм” гэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: AFP