Оросын эрх баригчид хувийн хэвшлийнхэнд өмчөө хамгаалах хүнд зэвсэг худалдаж авахыг нь зөвшөөрчээ

Т.Давааням, ikon.mn
2026 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Оросын эрх баригчид хувийн компаниудад нисгэгчгүй онгоцны халдлагаас өмчөө хамгаалахын тулд хүнд зэвсэг техник худалдаж авахыг нь зөвшөөрсөн талаар албаны эх сурвалжууд Пүрэв гарагт мэдээлжээ.

Тухайлбал агаарын довтолгооноос хамгаалах их бууны систем, хяналтын цамхаг, радарын тоног төхөөрөмж, тусгай тээврийн хэрэгсэл, дохио сарниулах электрон зэвсэг зэргийг худалдаж авах механизмыг бий болгох шийдвэр гарсныг тус улсын батлан хамгаалах яамны эх сурвалж баталсан юм.

Энэ алхам нь Орос даяар газрын тос боловсруулах үйлдвэрүүд, аж үйлдвэрийн байгууламжууд, стратегийн дэд бүтцүүд Украины агаарын цохилтод өртөх давтамж нэмэгдэж, эрх баригчид үүнд санаа зовж байгаагийн илрэл болж байна.

Даваа гарагт болсон ерөнхийлөгч Владимир Путин, Оросын Үйлдвэрчний болон Бизнес Эрхлэгчдийн Холбооны тэргүүн Александр Шохин нарын уулзалтын үеэр энэ асуудал анх сөхөгдсөн бололтой.

Кремлийн хэвлэлийн албанаас гаргасан мэдээнд Шохин “Томоохон компаниуд өөрсдийн байгууламж, үйл ажиллагаа явуулдаг газруудыг хамгаалахын тулд арга хэмжээ авч байгаа нь гарцаагүй. Гэхдээ зарим асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна” гэж хэлснийг дурджээ.

Тэр бас цэргийн нөөц хүчийг зарим аж үйлдвэрийн байгууламжуудыг хамгаалах байнгын ажилд томилж өгөхийг Путинээс хүссэн байна.

Украины агаарын довтолгооноос хамгаалах нь Оросын эрх баригчдын хувьд толгойн өвчин болоод байгаа.

зураг
 

Өчигдөр Москва хотын 42 давхар Nordstar Tower цамхгийн дээвэр дээр Панцир-СМД-Е агаарын довтолгооноос хамгаалах систем суурилуулж байгааг харуулсан дүрс бичлэг онлайн орчинд тарсан юм.

Цэргийн шинжээч Ян Матвеевын тараасан уг бичлэг дээр нисдэг тэрэг уг зэвсгийг цамхгийн оройд хүргэж байгааг харуулжээ.

Военный Осведомитель дайныг дэмжигч Телеграм сувгийн мэдээлснээр уг систем нисгэгчгүй онгоц устгахад зориулагдсан зэвсэг юм байна.

Nordstar Tower бол Москвагийн хамгийн өндөр оффисын барилгуудын нэг бөгөөд газрын тосны аварга компани Роснефть үүний нийт талбайн бараг талыг түрээсэлдэг байна.

 

Эх сурвалж: rbc.ru