5 жилийн ойн босгон дээрээ "ТОП МОТОРС" ХХК нарны цахилгаан үүсгүүрийг ашиглалтад орууллаа
Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны дилер "Топ Моторс" ХХК өөрийн үйлчилгээний төвдөө сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг түүчээлсэн 150 кВт хүчин чадалтай дээврийн нарны цахилгаан үүсгүүрийг ашиглалтад оруулж, төслийн албан ёсны нээлтээ хийлээ. Уг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэшсэн дотоодын тэргүүлэгч “Клийн Ресурс Девелопмент” ХХК ажиллалаа.
Энэхүү санаачилга нь Тоёотагийн дилерүүдийн байгаль орчны эрсдэлийг үнэлэх дэлхийн стандарт болох "DERAP" (Dealer Environmental Risk Audit Program) хөтөлбөрийн шаардлагыг хангах, улмаар "Тоёотагийн байгаль орчны сорилт 2050" (Toyota Environmental Challenge 2050) зорилтод хувь нэмэр оруулах чиглэлээр хийгдэж буй бодит ажил билээ. Тоёотагийн зүгээс танилцуулсан "Тогтвортой байдлын бондын тайлан 2026" -д оффис болон үйлдвэрүүдээс ялгарах CO2-ийн хэмжээг тэглэх (Plant Zero CO2) амлалтыг онцолсон бөгөөд "Топ Моторс" ийнхүү ногоон эрчим хүчний шилжилтийг бүс нутагтаа амжилттай түүчээлж, дэлхийн тогтвортой хөгжлийн бодлогыг Монголд бодитоор нутагшуулан хэрэгжүүлж буй хэрэг юм.
Шинээр суурилуулсан нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулахаас өмнө 21 хоногийн хугацаанд тасралтгүй туршиж, тохируулан, хяналт шинжилгээ хийсэн ба туршилтын хугацаанд нар хамгийн сайн туссан, өндөр бүтээмжтэй өдрүүдэд дараах дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ. Үүнд:
- Үйлчилгээний төвийн ажлын цагийн эрчим хүчний хэрэглээний 87 хувийг нарны эрчим хүчээр,
- Хоногийн нийт (24 цагийн) эрчим хүчний хэрэглээний 64 хувийг нарны эрчим хүчээр тус тус бүрэн шийдвэрлэж чаджээ (Туршилтын 21 хоногийн хугацааны дундаж үзүүлэлтээр хоногийн нийт хэрэглээний 49 хувийг нарны эрчим хүчээр хангасан байна).
Төслийн урт хугацааны эдийн засаг болон байгаль орчны үр ашгийн тооцооллоор уг систем нь жилд дунджаар 240 МВт.цаг цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд ингэснээр "Топ Моторс" компани жилд 63 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчний зардлаа хэмнэх юм. Байгаль орчны үр нөлөөллийн хувьд энэ нь жилд 96 тонн нүүрс шатаахыг хязгаарлаж, 114 тонн нүүрсхүчлийн хий (CO2) агаарт цацагдахаас сэргийлэн, 159 мод тарьсантай тэнцүү хэмжээний бодит эерэг нөлөө юм.
“Топ Моторс” ХХК-н Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвдорж “Энэ жил манай компанийн 5 жилийн ой тохиож байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа бид үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгмийн хариуцлагатай байдлыг хангах тодорхой зорилтуудыг дэвшүүлэн эрүүл мэнд, спорт, хөдөлмөр эрхлэлт, боловсролыг дэмжих, хог хаягдлын менежментийг сайжруулах, мод тарих, цэвэр усны хэрэглээг бууруулах, саарал ус дахин ашиглах зэрэг зорилтот төсөл, арга хэмжээг амжилттайгаар хэрэгжүүлж ирсэн. Цаашид ч байгаль орчинд ээлтэй үйлчилгээ үзүүлэх стандартаа бататган, дэвшилтэт технологийн хэрэглээг эрхэмлэн ажиллахаар зорьж байна.”
Toyota Top Motors – Together To The Top
КОМПАНИУДЫН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
"Топ Моторс" ХХК:
Тоёота брэндийн албан ёсны дилер, Yokohama болон Braid брэндийн албан ёсны дистрибьютер бөгөөд хэрэглэгчдэд дэлхийн стандартад нийцсэн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, автомашин борлуулалтын цогц үйлчилгээг үзүүлдэг. Компани нь үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгмийн хариуцлагатай байдлыг чанд баримталж, Тоёотагийн дэлхийн ногоон стандартуудыг эх орондоо нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.toyota- topmotors.mn вебсайтаас авна уу.
“Клийн Ресурс Девелопмент" ХХК:
2020 онд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Сэргээгдэх эрчим хүчнээс санхүүгийн болон байгаль орчинд ээлтэй байдлыг бий болгоход чиглэн ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар хүрээлэн буй орчны нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг багасган, өдөр тутмын амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлтийг өгөх хялбар бөгөөд эдийн засгийн үр ашигтай шийдлийг санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.crd.mn/ вебсайтаас авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
