Ираны эрх баригчдад “Цаг явсаар байгааг” АНУ-ын ерөнхийлөгч Трамп анхааруулав
Ойрх Дорнодод үргэлжилж буй дайныг зогсоох Вашингтон-Тегераны яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод удаж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Бээжинд айлчлахдаа энэ асуудлаар Хятадын удирдагчтай ярилцаад ахиц дэвшил гаргаж чадаагүй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр “цаг явсаар байгааг” Ираны эрх баригчдад анхааруулжээ.
“Тэд ХУРДАН хөдлөх хэрэгтэй, эс тэгвэл тэднээс юу ч үлдэхгүй болно. ЦАГ бол АЛТ!” гэсэн утгатай мэдэгдлийг сошиал хуудсандаа бичсэн байна.
Ням гарагт тэр Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярилцах төлөвлөгөөтэй байсан юм.
Үүнтэй зэрэгцэн Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дайныг дуусгах Тегераны тавьсан саналд АНУ-ын засаг захиргаа ямар нэг буулт хийхгүй байгааг шүүмжилжээ.
Тухайлбал Mehr мэдээллийн агентлаг Вашингтон буулт хийхгүй байгаа нь “хүчин чармайлтыг гацаанд оруулсан” тухай бичсэн байна.
Дөрөвдүгээр сарын эхээр Трамп бас Ираны тал дайныг дуусгах асуудлаар тохиролцоонд хүрэхгүй бол “бүхэл бүтэн соёл иргэншил мөхөх болно” хэмээн заналхийлж байсан.
Өчигдрийн мэдэгдэл нь энэ санаагаа дахин давтсан хэрэг байлаа.
Долоо хоногийн өмнө Ираны талаас ирүүлсэн хариу саналыг Трамп “бүхэлдээ хүлээн авах боломжгүй” гэж дүгнэж байв.
Хариуд нь Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмайл Багэй өөрийн улсын зүгээс тавьсан саналыг “хариуцлагатай”, “өгөөмөр” гэсэн үгсээр тодорхойлж байлаа.
Ням гарагт Фарс агентлаг Вашингтоны эрх баригчид Ираны саналын хариуд таван шаардлага тавьсныг мэдээлжээ.
Үүнд Иран улс зөвхөн нэг цөмийн байгууламжтай үлдэх, өндөр баяжуулсан ураны нөөцөө АНУ-д шилжүүлж өгөх зэрэг шаардлагууд багтсан гэнэ.
Эндээс харвал талуудын тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гол асуудал нь Ираны цөмийн хөтөлбөрийн хувь заяа бололтой.
АНУ болон Израиль улс хоёрдугаар сарын 28-ны өдөр Иран улсын эсрэг агаарын довтолгоо явуулж эхэлснээр Ойрх Дорнодын бүс нутгийг хамарсан дайн дэгдсэн юм.
Өнгөрсөн сарын дундуур талууд гал түр зогсоох тохиролцоонд хүрсэн нь үе үе зөрчигдсөөр байгаа.
Энэ хугацаанд Иран улс дэлхийн эрчим хүчний тээврийн 20 орчим хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаасан хэвээр байна.
Хариуд нь АНУ-ын тэнгисийн хөлгүүд хоолойн гадна талыг бүслэн хааж, Ираны боомтуудтай холбоотой ачаа тээврийн урсгалыг зогсоосон.
Пакистан улс АНУ болон Ираны талуудын хооронд зуучлах үүрэг гүйцэтгэж байгаа ч яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарахгүй байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

