Монгол Шуудан ХК улс орон даяар 202 байршилд “EasyBox” ухаалаг шуудангийн хайрцаг байршууллаа
Монгол Улсын шуудангийн бүх нийтийн үйлчилгээ үзүүлэгч, хамгийн том биет сүлжээ болох Монгол Шуудан ХК уламжлалт шуудан илгээмжийн үйлчилгээг орчин үеийн технологитой хослуулсан “EasyBox” ухаалаг шуудангийн шийдлээ 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор танилцууллаа.
Компани эхний ээлжид Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд нийт 202 EasyBox ухаалаг шуудангийн хайрцгийг байршуулж, сүлжээнд холбож буй талаар арга хэмжээний үеэр зарлалаа.
Ингэснээр улс орон даяар 375 салбар нэгжээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд энэ оны 5 сардаа багтаж 577 салбар, нэгж болон EasyBox ухаалаг шуудангийн өөр хоорондоо холбогдсон өргөн сүлжээг бүрдүүлж чадсанаар иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг эрс нэмэгдүүлж байгаа талаар онцоллоо.
EasyBox гэж юу вэ?
Хэрэглэгч өөрт хамгийн ойр байрших EasyBox-оор дамжуулж шуудангийн илгээмж ХҮЛЭЭН АВАХ, ИЛГЭЭХ, ХАДГАЛАХ үндсэн гурван үйлдлийг цагийн хуваарьт баригдалгүй, өндөр нууцлал, аюулгүй байдлыг хангаж, амар хялбар хийх боломжтой шинэ үеийн ухаалаг хүргэлтийн шийдэл. EasyBox бол хэрэглэгч шуудангийн цагийн хуваарьт бус, өөрийн цагтаа тохируулан үйлчилгээ авах боломж гэнэ.
EasyBox бол нээлттэй дэд бүтэц
Үйлчилгээний нээлтийн үеэр Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн: “EasyBox бол зөвхөн Монгол Шуудан ашиглах хаалттай систем биш. Энэ бол Open Post буюу нээлттэй дэд бүтэц. Шуудан хүргэлтийн компаниуд, онлайн худалдаа эрхлэгчид, бизнесүүд бүгд ашиглах боломжтой. Товчхондоо EasyBox бол иргэдэд цаг хэмнэх үйлчилгээ, бизнесүүдэд зардал бууруулах шийдэл, төрд хүртээмжтэй дижитал дэд бүтэц, харин Монгол улсад e-commerce болон логистикийн шинэ суурь юм.” гэж онцоллоо.
Компани цаашид EasyBox ухаалаг шуудангийн байршлыг 500 болгож, орон сууцны хороолол, офисс, худалдааны төв, олон нийтийн газар гээд иргэдийн өдөр тутмын маршрутад улам бүр ойртуулахаар төлөвлөсөн аж.
EasyBox - Шинэ үеийн ШУУДАН, ХҮРГЭЛТ, ИЛГЭЭМЖ
Байршлын түнш, EasyBox үйлчилгээний хамтрагч болох
Монгол Шуудан ХК - Бизнес хөгжлийн газар
Утас: 70078989
Цахим шуудан: cooperation@mongolpost.mn
Веб: www.mongolpost.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

