Москва хот орчмын бүс нутаг Украины дроны томоохон халдлагад өртсөний улмаас гурван хүний амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн шөнө Москва орчмын бүс нутаг Украины дроны томоохон халдлагад өртөх үеэр гурван хүн алагдаж, хэд хэдэн хүн шархадсаныг Оросын эрх баригчид өчигдөр өглөө мэдээлжээ.

Москвагийн хойд талд оршдог Химки дагуул хотод нэг эмэгтэй амь үрэгдэж, нэг хүн нурангид дарагдсаныг бүс нутгийн захирагч Андрей Воробьев мэдээлсэн байна.

Эндээс холгүй оршдог Погорелки тосгонд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн амиа алджээ.

Москвад суугаа Энэтхэг улсын элчин сайдын яам өөрийнх нь иргэн нэг эрэгтэй алагдаж, гурван хүн шархадсаныг мэдээлсэн бөгөөд эдгээр нь Воробьевын хэлсэн тоонд багтаж байгаа эсэх тодорхойгүй байна.

Ням гарагт Украинтай хил залгаа Белгород мужид өөр нэг хүн алагджээ.

зураг
 

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү цохилтыг өөрийнх нь хотуудын эсрэг үйлдсэн Оросын халдлагын “бүрэн үндэслэлтэй” хариу арга хэмжээ гэж тодорхойлсон байна.

Оросын төв мэдээний агентлаг Тасс энэ цохилтыг сүүлийн нэг жил гаруй хугацаанд Москвад тохиолдоогүй томоохон халдлага гэж дүгнэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Орос улс Киев хотод олон зуун нисгэгчгүй онгоц, пуужингаар довтлоход 24 хүний амь үрэгдсэн юм.

Ням гарагийн шөнө Украины Днепропетровск мужийн төв хэсэг Оросын нисгэгчгүй онгоцны халдлагад өртөхөд найман хүн шархадсан байна.

зураг
 

Өчигдөр өглөө Телеграм хуудсандаа бичихдээ Воробьев “шөнийн гурван цагаас хойш манай агаарын довтолгооноос хамгаалах хүчин нийслэлийн бүс нутагт нисгэгчгүй онгоцны томоохон хэмжээний дайралтыг няцааж байна” гэжээ.

Москва орчимд гурван эрэгтэй, нэг эмэгтэй нийт дөрвөн хүн шархдаж, хэд хэдэн барилга гэмтсэнийг тэр уг мэдэгдэлдээ дурдсан байна.

Хотын газрын тосны үйлдвэрийн үүдний хэсэгт дронууд довтлох үеэр 12 хүн шархадсаныг Москва хотын захирагч Сергей Собянин тусдаа мэдээлжээ.

Үйлдвэрийн ойролцоо оршдог гурван амины орон сууцанд хохирол учирсан байна.

зураг
 

Оросын зэвсэгт хүчин өчигдөр орон даяар Украины 556 нисгэгчгүй онгоцыг устгасны 130 орчим нь Москва орчимд байсныг мэдээлжээ.

Энэ үеэр Оросын хамгийн том нисэх буудал Шеремьетевогийн эзэмшлийн газарт дрон унасан ч хохирол учраагүй гэнэ.

Ням гарагийн орой Зеленский сүүлийн агаарын довтолгооны талаар мэдээлэхдээ Украины “алсын тусгалын хориг арга хэмжээ Москвагийн бүс нутагт” хүрснийг анхааруулжээ.

“Төр нь эхлүүлсэн дайнаа дуусгах ёстойг бид Оросуудад тодорхой хэллээ” гэж тэр Телеграм хуудсандаа бичсэн байна.

Украины тусгай алба СБУ болон зэвсэгт хүчин сүүлийн ажиллагааны үеэр Москва орчмын хэд хэдэн газрын тосны байгууламж болон хагас дамжуулагчийн үйлдвэрт цохилт өгснөө баталжээ.

Үүнээс гадна 2014 онд ОХУ-д хүчээр нэгтгэгдсэн Крымийн хойгийн Белбекийн нисэх онгоцны буудалд хэд хэдэн агаарын довтолгооноос хамгаалах системийг устгаснаа мэдээлсэн байна.

Сүүлийн саруудад Украины зэвсэгт хүчин Оросын газар нутгийн гүнд оршдог эрчим хүчний байгууламжуудад эрчимтэй довтолж байгаа.

Киевийн эрх баригчид тэдгээрийг Орос улсад дайнаа үргэлжлүүлэх боломж олгож буй тул хууль ёсны бай гэж үзэж байгаагаа тайлбарладаг.

 

Эх сурвалж: BBC