Кенийн тамирчин Сабастян Саве түүхэнд марафоны зайг хоёр цаг хүрэхгүй хугацаанд туулсан анхны хүн болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болж өнгөрсөн Лондоны марафонд Кенийн тамирчин Сабастян Саве түрүүлэхдээ 2 цаг хүрэхгүй хугацаанд дуусгасан анхны хүн болон түүхэнд бичигджээ.

Тэрбээр марафоны замыг 1 цаг, 59 минут, 30 секундэд дуусгаж, эрэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг 65 секундээр ахиулсан юм.

Хоёрдугаар байрт орсон Этиопын тамирчин Иомиф Кежелча анхны марафондоо 1 цаг, 59 минут, 41 секунд гүйж, бас 2 цагийн хязгаарыг эвдэж чаджээ.

Гуравдугаар байрт орсон Уганда улсын тамирчин Жэкоб Киплимо өмнөх дэлхийн дээд амжилт болох 2023 онд Кенийн Кэлвин Киптумын тогтоосон амжилтыг долоон секундээр ахиулж, 2 цаг, 0 минут, 28 секундэд барианд орсон юм.

Аварга цолоо хамгаалсан 29 настай Саве “Өнөөдөр тогтоосон амжилт зөвхөн минийх биш, Лондонд байгаа бид бүгдийнх юм” гэж уралдааны дараа хэлжээ.

Саве марафоны зайн эхний хагасыг 59 минут, 1 секундэд дуусгаж, 30 км-ийн дараачаас эхлэн Кежелчатай хамт бусдаасаа тасарсан бөгөөд сүүлийн хоёр километрт ганцаараа цойлж эхэлсэн байна.

Ням гарагт эмэгтэйчүүдийн марафоны дэлхийн дээд амжилт мөн шинэчлэгдэж, Этиопын тамирчин Тигст Ассефа 2 цаг, 15 минут, 41 секундэд зайгаа дуусгажээ.

Гэхдээ түүний дээд амжилт зөвхөн эмэгтэйчүүдийн оролцсон марафоных бөгөөд 2003 оны холимог уралдаанд Паула Рэдклиффийн тогтоосон дээд амжилтаас 16 секундээр удаан байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press