"Улаанбаатар хотын моднуудын утаа тортгийг агротехнологийн дагуу угааж байна"
Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор том оврын шилмүүст моднуудыг (нарс) шилжүүлэн тарьж, агротехнологийн дагуу арчилгаа хийж эхэлжээ.
Моднуудын хувьд өвлийн улиралд утаа тортог, хаврын улиралд тоос тоосонцорт дарагдаж бөглөрсөн байдаг тул +10 градусын усаар жил бүр угааж, цэвэрлэдэг уламжлалтай байна. Учир нь хүйтэн усаар угаалт хийх нь цочрол өгч модны хатгаа авах эрсдэлтэй тул усыг нэг өдөр хонуулан бүлээсгэж орчны температуртай ижил болгож бэлтгэдэг. Энэ нь шилмүүст модны амсрын эрхтнийг цэвэрлэх, мөчир салаанд чийг өгөх, ургалтыг дэмжих олон талын ач холбогдолтой бөгөөд тусгай зориулалтын бороожуулагчаар угааж байна гэж Нийслэлийн Хот Тохижилтын Газраас мэдээлэв.
Нарс мод агаарын бохирдолд өртөмтгий, нахиан дээр нь тортог унавал үхэх аюултай аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
