Малийн цэргийн дэглэмд ноцтой аюул тулгарч, батлан хамгаалахын сайд нь босогчдын халдлагын улмаас алагджээ

Т.Давааням, ikon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн Мали улсын цэргийн дэглэмд өнгөрсөн амралтын өдрүүдэд аюулгүй байдлын ноцтой сорилт тулгараад байна.

Тус улсын зах хязгаар нутагт үйл ажиллагаа явуулдаг салан тусгаарлагчид болон жихадист бүлэглэлүүд улс орон даяар нэгдсэн зохион байгуулалттай байлдааны ажиллагаа явуулсны үр дүнд хойд бүсийн гол хотыг эзэлж, батлан хамгаалахын сайдын амийг хөнөөжээ.

Бямба гарагийн үүрээр ажиллагаа эхэлснээс хойш цэргийн дэглэмийн удирдагч, генерал Ассими Гойта ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Туарег овгийн салан тусгаарлагчдын Азавад Чөлөөлөх Фронт эвсэл, Ислам болон Муслимуудыг Дэмжих Бүлэг нэртэй жихадист байгууллагын хамтарсан ажиллагаа өргөн уудам цөлөрхөг газар нутагтай Мали улсын хэд хэдэн бүс нутагт эхэлжээ.

Хамгийн сүүлд ийм өргөн хэмжээний байлдааны ажиллагаа 2012 оны гуравдугаар сард дэгдэхэд Малийн эрх баригчид тус улсад байрлаж байсан Францын зэвсэгт хүчний тусламжтай дарж байсан юм.

Харин өнөөдөр Францын цэрэг тус улсаас бүрэн гарсан байгаа.

Бямба гарагт Малийн батлан хамгаалахын сайд Садио Камара алагдсан нь цэргийн дэглэмд том цохилт болжээ.

Нийслэл Бамакогийн гадна оршдог Кати дахь гэр нь бөмбөгтэй автомашины халдлагад өртөхөд Камара хоёр дахь эхнэр болон хоёр ач зээгийн хамт алагдсан юм.

Ням гарагийн байдлаар Кати, Кидал, Гао, Север зэрэг цэргийн дэглэмийн гол түшиц газруудад ширүүн тулаан үргэлжилж байжээ.

Туарег овгийн босогчид тус улсын хойд бүсийн гол хот Кидалыг эзэлж, Малигийн цэргийн дэглэмийг дэмжиж буй Оросын хувийн арми Африкийн Корпусын хүчийг тус хотоос гарч явахыг зөвшөөрснөө мэдээлсэн байна.

Малигийн арми 2023 оны арваннэгдүгээр сард Оросын Вагнерын хөлсний цэргүүдийн тусламжтайгаар Кидал хотыг эзлэн авч, арав гаруй жил үргэлжилсэн босогчдын хяналтыг зогсоож байв.

Сахарын цөлийн нүүдэлчин овог аймаг Туарегийн босогчид Мали улсын хойд Азавад бүс нутгийг салган тусгаарлахын төлөө олон жилийн турш тэмцэж байгаа юм.

Тэд сүүлийн хоёр өдөр мөн хойд бүсийн Гао нутгийн гол байрлалуудад хяналтаа тогтоогоод байгааг мэдэгджээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хүчирхийллээ зогсоохыг Малигийн дайтагч талуудад уриалсан байна.

“Ерөнхий нарийн бичгийн дарга Сахел дахь хүчирхийлэл, экстремизм, терроризмын аюул заналыг арилгаж, хүмүүнлэгийн яаралтай хэрэгцээг хангахын тулд олон улсын зохицуулалттай дэмжлэг үзүүлэхийг уриалж байна” гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик хэлжээ.

Сахел бол Сахарын цөлийн өмнөд хил хязгаарыг хамарсан бүс нутгийн нэр юм.

Европын Холбоо өчигдөр бас Малид гарсан “террорист халдлага”-ыг буруушааж байгаагаа илэрхийлжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яамны шууд удирдлагад байдаг Африкийн Корпус өмнө нь Малигийн цэргийн дэглэмд жихадистуудтай тэмцэхэд тусалж байсан Вагнер хувийн зэвсэгт хүчнээс эх мэдлийг шилжүүлэн авч байв.

Мали бол алт болон бусад эрдэс баялгийн арвин нөөцтэй улс юм.

Малигаас гадна хөрш Нижер, Буркина Фасо улсууд сүүлийн жилүүдэд хуучин колоничлогч Франц болон барууны хэд хэдэн улстай харилцаагаа тасалж, Орос улстай ойртон нягтрах болжээ.

 

Эх сурвалж: AFP