Мэргэжлийн боксын тулааны үеэр тархиндаа хүнд гэмтсэн Причард Колон 33 насандаа өөд болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Одоогоос 11 жилийн өмнө Террел Уильямстай мэргэжлийн боксын дэвжээнд нударга зөрүүлээд тархиндаа хүнд гэмтсэн Причард Колон 33 насандаа өөд болжээ.

Пуэрто Рико гаралтай Колон 1992 оны есдүгээр сарын 19-нд АНУ-ын Флорида мужид төрсөн юм. Сонирхогчдын боксоор улсынхаа таван удаагийн аварга, Пан Америкийн алтан медаль хүртсэн тэрбээр 2012 оны Лондоны олимпын дараа мэргэжлийн боксоор хичээллэхээр шийджээ.

Улмаар 2013 онд анхны тулаанаа хийснээс хойш 16 дараалан ялахдаа 13-ыг нь хугацаанаас нь өмнө дуусгаж байв. 

Харамсалтай нь 2015 оны аравдугаар сарын 17-нд тэр АНУ-ын тулаанч Т.Уильямстай хүч үзсэн. Энэ тулааны есдүгээр үед Колон хоёр ч удаа тоолуулж, хүнд байдалд орсон тул дасгалжуулагчийн баг нь тулааныг үргэлжлүүлэхээс татгалзсан юм. Уильямс өрсөлдөгчийнхөө дагз руу цохисон үйлдэлдээ нэг оноогоор торгуулсан байдаг.

Энэ тулааны дараа Колон тархиндаа хүнд гэмтсэн нь тодорхой болж удалгүй комд орсон аж. Хожим комоос сэргэсэн ч ярих болон явах чадвараа алджээ. Тэрбээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн ч бие нь дээрдээгүй юм. Хожим түүний тулалдаж явсан WBC холбооноос хүндэтгэлийн аваргын бүс нөхөж олгосон түүхтэй.

 

Эх сурвалж: Yahoo sports