ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна

М.Батчимэг, ikon.mn
6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Өчигдрөөс эхлэн “…охины цогцос олдсон”, “…хөрш айлуудын нэр бүхий 2 иргэнийг хорьсон” гэх мэт эх сурвалж тодорхой бус мэдээллүүд ихээр гарч, үүнтэй холбоотойгоор ташаа, худал мэдээллүүдийн агуулгыг өөрчлөн, бодит мэт болгон түгээж байгаа асуудал нийтлэгдэж байгааг анхааруулав.

Эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа хэн нэгнээс тодорхой бус мэдээлэл авах, түүнийгээ нягтлахгүй олон нийтэд түгээж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, олон нийтэд буруу худал ташаа мэдээлэлд итгэж, чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлж, буруутгах газар дээр нь очиж шууд дамжуулалт хийж, мэдээлэл өгөхийг шаардах зэрэг асуудлууд гарч байна гэв. 

Одоогийн байдлаар тус асуудалтай холбоотой нэг иргэнийг цагдан хориод байгаа юм байна. Иймд ноцтой асуудалд хүлээцтэй хандаж, аливаа сөрөг эрсдэл үүсгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас хүсэв. 

Эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой үнэн бодит мэдээллийг хуульд нийцүүлэн мэдээлнэ гэлээ.