Филиппинээс авчрах англи хэлний нэг багшийг жилийн 21.6 сая төгрөгөөр цалинжуулахаар тооцоолжээ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг Филиппинээс багш нар авчирч, ажиллуулан нөхөх тухай асуудлыг өнөөдөр болох НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхээр товлоод буй.
Ингэхдээ Филиппин улсаас англи хэлний багшийг үе шаттайгаар ажиллуулах арга хэмжээний зардлыг нийслэлийн 2026 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтөд тусгахаар НЗД-ын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд дурдсан байна.
2026-2027 оны хичээлийн жилд эхний ээлжид 200 англи хэлний багшийг авчирч, багшийн дутагдал өндөр байгаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд 2025–2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 178, ерөнхий боловсролын сургуульд 1,403 англи хэлний багш, 129 англи-орос хэлний багш сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж 1-12 дугаар ангийн нийт 9,374 бүлэг байгаагаас 7,696 бүлэгт англи хэлний хичээлийг албан ёсоор судалдаг байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангид долоо хоногт 3 цагаар заавал, 10-12 дугаар ангид долоо хоногт 1-5 цагаар сонгож, “Pearson” англи хэлний хөтөлбөрийг үндэсний хэмжээнд 3-4 дүгээр ангид долоо хоногт 2 цагаар судалдаг аж.
Цагийн хуваарийн тооцооллоор нийслэлийн хэмжээнд долоо хоногт нийт 38,324 цагийн англи хэлний хичээл орж байгаа бөгөөд нэг багшийн долоо хоногийн дундаж ачаалал 25.02 цаг байна. Багшийн ачааллыг 3 цагаар бууруулах нөхцөлд 210 багшийн нэмэлт хэрэгцээ үүсэх статистик тооцоолол гарчээ. Ерөнхий боловсролын сургуулиудаас авсан судалгаагаар 2026 оны гуравдугаар сарын байдлаар нийслэлийн найман дүүргийн төрийн өмчийн сургуулиудад 181 багшийн сул орон тоо байгаа гэнэ.
Цаашид англи хэлний багш нарыг мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг сайжруулах, ерөнхий боловсролын сургуульд багшийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттайгаар гадаад багшийн тоог жилд 50-аар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
