Чернобылийн ослын 40 жилийн ойн өдөр Орос улсыг Зеленский “цөмийн терроризм”-д буруутгав

Т.Давааням, ikon.mn
1 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Украин улс Чернобылийн атомын цахилгаан станцын ослын 40 жилийн ойг тэмдэглэсэн юм.

Уг ойтой давхцуулан Ням гарагийн шөнө Оросын тал 100 гаруй нисгэгчгүй онгоцоор Украины хотуудад довтолсны улмаас таван хүний амь үрэгджээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ослын түүхэн ойд зориулан гаргасан мэдэгдэлдээ Орос улс “дэлхий дахиныг хүний гараар бүтсэн гамшгийн ирмэгт дахин авчирч байна” хэмээн буруутгасан байна.

Тухайлбал дайны турш Оросын нисгэгчгүй онгоцнууд Чернобылийн дээгүүр байнга нисэж, өнгөрсөн онд нэг дрон хамгаалалтын бүрхүүлийг нь гэмтээснийг тэр мэдэгдэлдээ дурджээ.

“Дэлхий нийт энэхүү цөмийн терроризм үргэлжлэхийг хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд Оросын аюултай довтолгоог зогсоох хамгийн сайн арга бол албадан хүчлэх юм” гэж Зеленский мэдэгдсэн байна.

Чернобылийн дурсгалын арга хэмжээнд Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн тэргүүн Рафаэл Гросси, Молдов улсын ерөнхийлөгч Майя Санду нар оролцжээ.

Өнгөрсөн онд гэмтсэн хамгаалалтын бүрхүүлийг засварлах ажлыг “аль болох хурдан эхлүүлэх хэрэгтэй, одоогийн нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл ноцтой асуудал үүсгэнэ” гэж Гросси хэлсэн байна.

Чернобылийн станцын үлдэгдлийг бүрхсэн аварга том металл хаалтыг засварлахад дөрөв хүртэл жилийн хугацаа шаардаж магадгүй, Оросын халдлага довтолгоо үргэлжилсээр байвал үүнийг гүйцэтгэх бараг боломжгүй гэж Greenpeace байгууллага дүгнэжээ.

Осол гарах үед станцыг хариуцдаг байсан Зөвлөлтийн Атомын Эрчим Хүчний Яамыг залгамжлагч Оросын Росатом агентлаг ойд зориулсан мэдэгдэлдээ “Чернобылийг санан дурсах нь гамшгийн гол ачааг үүрч байсан хүмүүсийг дурсаж, ижил төстэй гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд өнөөдөр гаргаж буй шийдвэр бүрдээ хариуцлагатай хандах явдал юм” гэсэн байна.

Дайны эхэн үед Оросын цэргийн эзлэн авсан Украины Запорожийн цөмийн цахилгаан станцын ажиллагааг одоо Росатом хариуцаж байгаа.

Энэ станц нь Европ тивдээ хамгийн томд тооцогддог.

Одоогоор зогсолтын горимд байгаа ч Орос, Украины талууд харилцан нэгнээ уг станцыг онилсонд буруутгасаар байгаа.

Запорожийн станцыг оролцуулаад Украин улс нийт дөрвөн цөмийн цахилгаан станцтай юм. Оросын тал тус улсын эрчим хүчний дэд бүтцүүдийг устгахыг чармайж буй энэ үед тэдгээрийн ач холбогдол өндөр болж байгаа.

1986 онд гарсан Чернобылийн осол нь хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон иргэний зориулалттай цөмийн эрчим хүчний хамгийн том гамшигт тооцогддог.

Ослын үеэр алдагдсан цацраг туяаны нөлөөгөөр олон мянган хүний амь үрэгдсэн ч нарийн тоо тодорхой гарч байгаагүй. Ослын дараах цэвэрлэгээний ажилд оролцсон 600,000 орчим хүн цацраг туяанд хордсон гэж үздэг.

Үүнээс гадна олон зуун мянган хүнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлж байв.

Ослын дараа Украины хойд хэсэг, Беларусийн өмнөд хэсэгт оршдог томоохон газар нутагт хүн амьдрах боломжгүй болсон юм.

 

Эх сурвалж: AFP