Сонгуульд нам нь ялагдсан Унгарын ерөнхий сайд Виктор Орбан парламентын гишүүний суудлаасаа татгалзжээ
Энэ сарын эхээр болсон парламентын сонгуулиар Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны 16 жил үргэлжилсэн засаглал дуусгавар болсон билээ.
Тэрбээр нам нь ялагдсан ч өөрөө парламентад суудал авч чадсан юм.
Гэвч Бямба гарагт Орбан парламентын суудлаасаа татгалзаж байгааг зарлажээ.
“Би одоо парламентад биш, харин эх оронч хөдөлгөөнийг өөрчлөн зохион байгуулахад ажиллах шаардлагатай байна” гэж тэр өчигдөр орой сошиал хуудсаараа мэдэгдсэн юм.
Орбаны үндсэрхэг үзэл баримтлалтай Фидес нам дөрөвдүгээр сарын 12-ны сонгуулиар парламентын 135 суудлаа 52 болгон цөөрүүлээд байгаа.
Пропорционал төлөөллийн жагсаалтад нэр нь багтсан Орбан өөрөө дахин сонгогдож чадсан юм.
Фидес намын гишүүн асан Петер Мадьярын удирдсан Тиса нам парламентын 199 суудлын гуравны хоёроос илүү хэсгийг авснаар үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа.
Ингэснээр тус нам засгийн газрыг дангаараа байгуулж, Унгарын дотоод болон гадаад бодлогыг шинэчлэх боломжтой болжээ.
Фидес намын албан тушаалтнуудтай хийсэн уулзалтынхаа дараа 62 настай Орбан сонгуулиар авсан парламентын мандатаа буцааж өгөхөөр болсныг зарласан юм.
Орбан 1990 оноос хойш Фидес намыг удирдахдаа парламентын гишүүнээр тасралтгүй ажиллаж байв.
2010 онд ерөнхий сайд болсноосоо хойш мөн тасралтгүй 16 жил ажиллаж байна.
Удахгүй Унгарын шинэ ерөнхий сайд болох гэж буй Петер Мадьяр түүний засаглалын үед бий болсон авлигатай тэмцэж, гажуудлыг засварлахаа амлаж байгаа.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нартай ойр холбоотой гэгддэг Орбаны эсрэг сонгуулийн кампанит ажлын турш “Оросууд гэртээ харь” гэсэн уриа Тиса намын дэмжигчдийн дунд түгээмэл сонсогдож байсан юм.
Шинэ ерөнхий сайд Европын Холбоо болон Украинтай харилцаагаа сайжруулахыг амлаж байна.
Тиса намынхан засгийн эрх шилжүүлэх үйл явцыг яаравчлахыг уриалж байгаа бол Унгарын шинэ парламент тавдугаар сарын 9-нд анхны чуулганаа зохион байгуулах юм.
Харин Орбаны хувь заяа зургаадугаар сард болох Фидес намын бага хурлаар шийдэгдэх төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

