Ираны талтай Пакистанд энхийн яриа хэлэлцээнд оролцох АНУ-ын элч нарын томилолтыг Трамп цуцаллаа
Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энхийн яриа хэлэлцээнд оролцохоор Пакистаны нийслэл рүү нисэх гэж байсан элч төлөөлөгчдийнхөө томилолтыг цуцалж байгааг мэдэгджээ.
Ингэснээр найман долоо хоног үргэлжилж, дэлхий даяар эрчим хүчний ноцтой хомсдол үүсгэсэн Ираны дайныг дуусгах хүчин чармайлт мухардаж болзошгүй боллоо.
Трамп өөрийн хүргэн Жаред Кушнер, тусгай элч Стив Виткофф нарт Ираны талаас түрүүлж алхам хийх хүртэл Исламабад руу нисэж, цаг дэмий үрэхгүй байх үүрэг өгсөн байна.
Энэ сарын эхээр зохион байгуулагдсан эхний ээлжийн яриа хэлэлцээнд АНУ-ын төлөөлөгчдийг ахалсан дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс бас ийм чиглэл авсан гэнэ.
“Аялалд хэтэрхий их цаг, хэтэрхий их ажил зарцуулж байна!” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.
Дараа нь тэр Fox News сувагт ярилцлага өгөхдөө шийдвэрийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна.
“Саяхан би тэднийг явахаар бэлдэж байгаа талаар ард түмэндээ мэдэгдэж байсан. Гэвч дараа нь би ‘Үгүй ээ, та нар тийшээ явахын тулд 18 цаг нисэх шаардлагагүй’ гэж хэлсэн” гэж Трамп ярьжээ.
Тэрбээр цааш нь “Бидний гарт бүх хөзөр бий. Тэд хүссэн үедээ бидэнтэй холбогдож болно. Гэхдээ юу ч ярихгүй суухын тулд 18 цаг нисэх шаардлагагүй” гэж хэлсэн юм.
Өмнөх өдөр нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт харьцангуй өөдрөг өнгө аястай мэдэгдэл хийж байлаа.
Тухайлбал Ираны талаас энхийн яриа хэлэлцээнд “ахиц дэвшил” гаргаж байгаа, Виткофф, Кушнер нар тэдний үгийг сонсохоор Исламабад руу нисэх гэж байгааг тэр хэлсэн юм.
“Иранчууд ярилцахыг хүсэж байна. Тэд биечлэн уулзах хүсэлтэй байгаа” гэж Ливитт мэдэгдэж байв.
Дараа нь Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи болон түүний хэвлэлийн төлөөлөгч АНУ-тай нүүр тулан уулзах хүсэлтэй байгаагаа эрс няцаасан юм.
Тэрбээр Баасан гарагт Исламабадад айлчилсан ч Пакистаны гадаад хэргийн сайд Исхак Дар, армийн командлагч, фельд маршал Асим Мунир нартай уулзсаныхаа дараа бүс нутгийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор Оман руу ниссэн байна.
Бямба гарагт Арагчи сошиал хуудсандаа “Пакистанд хийсэн айлчлал маань маш сайн үр дүнтэй боллоо. Дайныг бүрмөсөн зогсоох боломжийн талаар Ираны байр суурийг хуваалцлаа. Харин АНУ дипломат харилцаанд үнэхээр нухацтай хандаж байгаа эсэх нь тодорхой харагдахгүй байна” гэж бичжээ.
АНУ, Ираны талууд дайны галыг 14 хоногийн хугацаанд зогсоох тохиролцоонд хүрсэн нь Лхагва гарагт дууссан юм. Үүний дараа Трамп гал зогсоох тохиролцоог тодорхой хязгааргүйгээр сунгаж байгаагаа мэдэгдсэн.
Энэ хооронд Пакистаны эрх баригчид дайтагч талуудыг энхийн яриа хэлэлцээний ширээнд суулгахыг хичээж байгаа.
Гэвч талууд нэг нэгнийгээ түрүүлж буулт хийхийг хүлээхээр шийдсэн нь сүүлийн өдрүүдийн үйл явдлуудаас харагдаж байна.
Тегераны эрх баригчид газрын тосны үнийн өсөлтийг аль болох удаан хадгалбал ирэх намар болох АНУ-ын Конгрессын завсрын сонгууль ойртох тусам Вашингтон ухрахаас өөр аргагүй болно гэж үзэж байгаа бололтой.
Харин Трампын хувьд эхлээд бөмбөгдөлт, сүрдүүлгээр Иранд шахалт үзүүлэхийг оролдсон нь төдийлөн үр дүнтэй болоогүй тул одоо боомтуудыг нь хааж, гадаад худалдааг нь боомилох арга замд найдлага тавьж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

