Зэвсэгт халдлага гарсны улмаас АНУ-ын ерөнхийлөгчийг олон нийтийн арга хэмжээнээс нүүлгэн шилжүүлжээ
Цагаан Ордны Сурвалжлагчдын Холбооноос жил бүр зохион байгуулдаг хүлээн авалт Бямба гарагийн орой Вашингтон хотын Хилтон зочид буудалд болж байхад зэвсэгт халдлага гарсны улмаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг нүүлгэн шилжүүлжээ.
Олон тооны буу, хутгаар зэвсэглэсэн этгээд Трампын хамгаалагчдын нэгийг ойрын зайнаас буудаж шархдуулсныхаа дараа баригдсан байна.
Энэ үеэр танхимд байсан ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нарыг нүүлгэн шилжүүлжээ.
Вашингтон хотын цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Жеффри В. Кэрролл “Тэр гар буу, урт буу, олон тооны хутгаар зэвсэглэсэн байсан” гэж баригдсан этгээдийн талаар хэлээд сум үл нэвтрэх хантаазны ачаар шархадсан хамгаалалтын ажилтан эмнэлэг хүргэгдсэн, биеийн байдал хэвийн байгааг мэдээлсэн байна.
Баривчлагдсан этгээд нь Калифорни мужийн Лос-Анжелес хотын баруун өмнөд хэсэгт оршдог Торренс хотоос гаралтай, 31 настай эрэгтэй Коул Томас Аллен гэгч байсныг хэвлэлүүд мэдээлжээ.
Түүний шүүх хурлын эхний сонсгол Даваа гарагт товлогдсоныг АНУ-ын ерөнхий прокурор Тодд Бланш мэдэгдсэн юм.
Одоогоор халдлага үйлдэх болсон шалтгаан зорилго тодорхойгүй байна. Мөн тэрбээр урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан гэх баримт олдоогүй байна.
Сүүлд Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Трамп “Танд дэлхийн хамгийн аугаа хамгаалалтын алба байсан ч тархиндаа асуудалтай хүн асуудал үүсгэж чадна” гэж болсон явдлын талаар хэлжээ.
Тэр бас өөрийнхөө албан тушаалын талаар “Үүнээс илүү аюултай ажил мэргэжил байдаг гэж би төсөөлөхгүй байна” гэж хэлсэн юм.
Коннектикутын гудамжинд оршдог Вашингтон хотын Хилтон зочид буудалд 1981 онд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейганы амь насанд халдах оролдлого гарч байсан түүхтэй.
Тухайн оны гуравдугаар сарын 30-ны өдөр зочид буудалд болсон арга хэмжээнээс гараад автомашин руу алхаж байсан ерөнхийлөгчийг Жон Хинкли Жуниор гэгч буудан хүнд шархдуулж байжээ.
АНУ-ын улс төрчид болон гадаад улс орнуудын удирдагчид улс төрийн хүчирхийллийг буруушаасан мэдэгдлийг ар араасаа хийсээр байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
