Трампын хүлээн авалтад зэвсэглэн халдсан этгээдийн талаар Америкийн хэвлэлүүдэд нийтлэгдсэн мэдээлэл
Бямба гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгчийн оролцож байсан Цагаан Ордны Сурвалжлагчдын Холбооны хүлээн авалтад зэвсэглэн халдсан эрэгтэй нь өндөр боловсролтой, сонирхогчийн түвшинд видео тоглоом хөгжүүлэгч нэгэн байжээ.
Калифорни мужийн Торренс хотын 31 настай оршин суугч Коул Томас Аллен гэгч уг халдлагыг үйлдсэн болохыг Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.
LinkedIn сүлжээнд байршуулсан мэдээллээс нь харвал тэр Домингез Хиллз Калифорни мужийн Их Сургуульд компьютерын ухааны магистрын зэрэг хамгаалж байжээ.
Өмнө нь Аллен 2017 онд Пасадена дахь Калифорнийн Технологийн Их сургуулийг механик инженерийн бакалавр зэрэгтэй төгссөн юм байна.
Тэрбээр Христийн шашны оюутны нийгэмлэг, Nerf тоглоомон буугаар тулалддаг оюутны бүлгийн гишүүн байжээ.
Коллежийн ахлах курст суралцаж байхдаа Аллен тэргэнцэрт зориулсан шинэ төрлийн шуурхай тоормосны загвар зохион бүтээснээ орон нутгийн телевизээр танилцуулж байсан байна.
Бямба гарагийн орой халдлага үйлдэхээсээ хэдхэн минутын өмнө тэр гэр бүлийн гишүүдтэйгээ мессэжээр харилцахдаа “Friendly Federal Assassin” (Холбооны Нөхөрсөг Алуурчин) гэсэн нэр хэрэглэж байжээ.
Ингэхдээ тэр Трампын нэрийг шууд дурдалгүйгээр түүний засаг захиргааны үйл ажиллагааг шүүмжилсэн зүйлс бичсэн байв.
Тухайлбал Номхон далайн зүүн хэсэгт хар тамхи тээвэрлэгчдийн гэгдэх завинуудыг устгасан үйлдлийг нь үүнд дурдсан байжээ.
Энэ бүхэн Алленыг улс төрийн зорилготой аллага үйлдэхийг оролдсон гэх сэжиг таамгийг улам лавшруулж байгаа гэнэ.
Зарим нэрээ нууцалсан албаны эх сурвалжийн мэдээлснээр Аллены ах түүний сошиал хуудсандаа бичсэн зүйлсийг олж харсны дараа Коннектикут мужийн Нью-Лондон хотын цагдаагийн газарт хандаж байжээ.
Холбооны цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ Мэрилэнд мужид амьдардаг Аллены эгч дүүгээ хуулийн дагуу Калифорни дахь дэлгүүрээс хэд хэдэн галт зэвсэг худалдаж авсан, тэднийгээ Торренс дахь эцэг эхийнхээ гэрт хадгалж байсныг ярьсан гэнэ.
Тэрбээр дүүгээ радикал үзэл санаа гаргах хандлагатай хүн гэж тодорхойлжээ.
Аллен бас 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрисыг дэмжих зорилгоор Ардчилсан Намын улс төрийн үйл ажиллагааны хороонд $25-ыг хандивлаж байсан нь албаны бичиг баримтад бүртгэгдсэн байна.
Тэрбээр сүүлийн зургаан жилийн турш коллежийн оюутнуудад зөвлөгөө өгч, шалгалтад бэлдэх үйлчилгээ үзүүлдэг C2 Education нэртэй компанид ажиллаж байжээ.
2024 онд Аллен сарын тэргүүний багш болж байсныг компанийн сошиал хуудасны нийтлэл харуулж байна.
Тэр бас молекул химид суурилсан видео тоглоом Steam платформ дээр хөгжүүлснээ өөрийн сошиал хуудсанд бичиж байжээ.
Аллены үйлдсэн халдлагын улмаас Трампын хамгаалалтын албаны нэг ажилтан шархадсан юм. Вашингтон хотын Хилтон зочид буудалд зохион байгуулагдаж байсан арга хэмжээ нь Цагаан ордонд нэвтрэх эрхтэй хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан жил тутмын хүлээн авалт байсан бөгөөд ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа зэрэг албаны хүмүүс оролцож байв.
Түүний шүүх хурлын эхний сонсгол Даваа гарагт болохоор товлогдсоныг АНУ-ын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
