Vogue сэтгүүлийн нүүрийг Анна Винтур өөрийнхөө дүрийг бүтээсэн Мэрил Стриптэй цуг чимжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хувцас загварын алдарт Vogue сэтгүүлийн үйл ажиллагааг 30 гаруй жил удирдахдаа поп соёлын нөлөө бүхий хүн болсон Анна Винтур өнгөрсөн онд халаагаа өгсөн билээ.

Тэгвэл тэр өөрийн удирдаж байсан сэтгүүлийн нүүрийг “Прада өмссөн чөтгөр” киноны Миранда Пристлигийн дүрийг бүтээсэн Холливүүдийн од Мэрил Стриптэй хамт чимжээ.

Бардам, хатуу сэтгүүлийн эрхлэгч Миранда Пристлигийн дүрийг Винтураас сэдэвлэсэн гэдэг.

Гэхдээ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэр “миний дүрийг Мэрил бүтээсэнд маш их баярладаг” гэсэн ч “Пристлигийн дүр бодит Винтураас их өөр” гэж хэлжээ.

Сэтгүүлч Винтураас ажил мэргэжлээ Стриптэй солих боломжийн талаар асуухад “Тэгэх ямар ч арга байхгүй. Надад огт авьяас байхгүй. Би дуулж чадахгүй, бүжиглэж чадахгүй, жүжиглэж чадахгүй, хоол хийж чадахгүй. юм оёж чадахгүй. Миний хоёр гар ямар ч ашиггүй” гэж хариулсан байна.

“Прада өмссөн чөтгөр” кино нь Vogue сэтгүүлийн газарт Винтурын туслахаар ажиллаж байсан Лорен Вэйсбергэрийн ижил нэртэй зохиол дээр тулгуурлан бүтээгдсэн юм.

2006 оны уг киноны үргэлжлэл болох “The Devil Wears Prada 2” кино ирэх сард нээлтээ хийх гэж байгаа.

Винтур, Стрип нар Холливүүдийн бүтээлээр холбогдсоноосоо гадна удам судрын холбоотой хүмүүс гэдэг. Ancestry платформын ургийн бичгийн тайланд тэднийг зургаа дахь үеийн үеэлүүд гэж тодорхойлж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian