Хүүхдийг цахим эрсдэлээс хамгаалах сургалтын багц модуль гарлаа
Галлерей Улаанбаатар төвийн Өргөө танхимд
2026.03.24
Интернэт орчин нь хүүхэд, залууст суралцах, харилцах, бүтээлчээр хөгжих өргөн боломжийг олгодог хэдий ч тэдний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг дагуулсаар байна. Иймд хүүхдийг цахим орчинд хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг зөвхөн хүүхдүүдэд төдийгүй эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудад нэмэгдүүлэх нь нэн чухал асуудал болоод байна.
Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран, ТЭСО Группийн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээн дэх дэмжлэгтэйгээр 2025 оны 5 дугаар сараас хэрэгжүүлсэн “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” төслийн үр дүнг танилцуулах, мөн төслийн хүрээнд боловсруулсан сургалтын багц модулийг олон нийтэд түгээх, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр /2026.03.24/ зохион байгуулагдлаа.
Төслийн гол зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалах, цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах, хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварт сургах, мөн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдэд хүүхдийг цахим орчны хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлтээс хамгаалах арга зүй, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн юм.
Төслийн хүрээнд хүүхэд, эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудад зориулсан нийт 23 хичээл бүхий 5 багц сургалтын модуль, гарын авлага, мөн хичээл тус бүрийн бататгах видео контентыг боловсруулсан байна. Эдгээр материалыг ерөнхий боловсролын бүх сургуулиудад түгээхээс гадна e.kids.mn, e-Mongolia, medle.mn болон IPTV-ийн видео сангуудаар дамжуулан олон нийтэд хүргэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.
Мөн төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 15 сургуулийн 30 багш, нийгмийн ажилтныг танхимын сургалтад хамруулж, улсын хэмжээнд ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсролын сургуулийн нийт 745 багшийг цахим сургалтад хамруулсан байна. 2025 оны 12 дугаар сарын байдлаар уг сургалтад нийт 1,598 багш, ажилтан, 1,941 эцэг эх, 31,941 хүүхэд хамрагдсан нь төслийн үр нөлөө өргөн хүрээнд хүрснийг харуулж байна.
ТЭСО Групп нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд боловсрол, хүүхэд хамгаалал, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд тогтмол санаачилга гарган ажилладаг бөгөөд энэхүү төсөлд хамтран ажилласнаар хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах, зөв хэрэглээг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Мөн бизнесийн өсөлтөөс гадна нийгмийн үнэ цэнийг бүтээхийг чухалчилж, ирээдүй хойч үеийн аюулгүй, эрүүл орчинд хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг.
Арга хэмжээнд төслийг дэмжигч байгууллагуудын төлөөлөл, бэлтгэгдсэн сургагч багш нар оролцсоноос гадна ТЭСО Группийн Гүйцэтгэх захирал С.Болор, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга А.Лувсан-Очир, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Биате Дастел нар оролцож, төслийн ач холбогдол, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Түүнчлэн И-Монгол академи, Юнивишн ХХК, Мобинет ХХК, Скаймедиа ХХК-ийн төлөөлөл оролцож, цахим орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Энэхүү төсөл нь хүүхдийг цахим орчинд аюулгүй, зөв хэрэглээтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулснаас гадна цаашид үндэсний хэмжээнд тогтвортой хэрэгжих суурийг бүрдүүлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
